Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багт тус сумын харъяат иргэн 10 настай М хүү өчигдөр 12:00 цагт гэрээсээ гараад сураггүй болжээ. Онцгой байдлын ерөнхий газраас хүүг эрэн хайж байгаа талаар мэдээллээ.
Тус орон нутгийн 78 хүн, зургаан автомашинтай тухайн өдрийн 19:00 цагаас сумын төвд эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Мөн өдрийн 22:37 цагт аймгийн Онцгой байдлын алга болсон дуудлагыг өгч эрэн хайгаад үр дүнд хүрээгүй тул 21-ний өдрийн 02:55 цагт эрэн хайх, ажиллагааг түр зогсоож, өглөө 07:00 цагт дахин үргэлжлүүлжээ.
Түүнчлэн тус аймгийн Баян-Уул сумын иргэн Ө /39 настай, эрэгтэй/ хоёрдугаар сарын 17-ны өдрийн 02:00 цагт Баян-Уул сумаас Цагаан-Овоо сум руу суудлын автомашинтай яваад сураггүй болсон тухай дуудлагыг өчигдөр 14:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 1:35 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 15:35 цагт Баян-Уул сумын Бэрх багийн “Баруун-Ар булаг” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 5 км-т/ автомашинтайгаа шатаж амиа алдсан байсныг олж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.