Эрчим хүчний тоног төхөөрөмж импортолдог монгол компани 81 мянган ам.доллараа цахим луйварчдад алдсан хэрэг хэдхэн хоногийн өмнөн гарчээ. Тус компани АНУ-ын түнш компанитай харилцан тохиролсоны дагуу захиалгаа цахим шуудангаар илгээсэн байна. Гэтэл хүлээн авагч байгууллагын ” Данс өөрчлөгдсөн. Гэхдээ хүлээн авагчийн нэр хэвээрээ тул шилжүүлгээ хийнэ үү” гэсэн захидал ирсний дагуу мөнгөө шилжүүлжээ. Шилжүүлэг хийснээс хойш хэд хоногийн дараа захиалга авсан компаниас “Мөнгө шилжигдээгүй тул захиалга цуцлагдлаа” гэсэн захидал ирүүлжээ. Тухай компани уг шилжүүлгийг “Голомт” банкаар дамжуулан хийсэн байна. Одоогоор хүлээн авагч шилжүүлгээ хүлээж авсан эсэхийг шалгаж байгаа гэнэ.
Сүүлийн үед хортой код буюу фишинг ашиглаж хоёр этгээдийн дундуур орж, мэдээллийг хулгайлах замаар санхүүгийн луйвар хийх гэмт хэрэг улс орнуудад нэмэгдэх хандлагатай болжээ. Энэ төрлийн гэмт хэрэг нь улс дамжсан мөнгөний урсгалыг дагадаг тул илрүүлэхэд хүндрэлтэй байдаг аж.