Монголчууд “Цагаан сар”-ын ард гарлаа. Энэ жилийн хувьд Азийн орнуудийн “Сар шинийн баяр” давхцсан учир өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оноос хэд дахин үнээр нэмэгдсэн болохыг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилж, Үндэсний статистикийн хорооноос баталж байв. Тухайлбал, баярын өмнөх долоо хоногт ууцны дундаж үнэ 225.000 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн жилийнхээс 16.9 хувиар буюу 32500 төгрөгөөр өссөн бол тавгийн гол идээ болох хэвийн боовны үнэ 2017 оны сар шинийн баярын өмнөх үеэс 5.8 хувиар буюу 108 төгрөгөөр өсч нэг ширхэг нь 2170 төгрөг болсон. Гэхдээ энэ юу ч биш. Баярын өдрүүдэд хэвийн боов “нүдний гэм” болж нэг ширхэгийг нь 5000 төгрөгөөр худалдан авхад бэлэн хүмүүс фэйсбүүкт олон байв. Харин зарим нь талхаар тавгийн идээгээ зассан зурагаа сошиалд дэлгэж байсан юм.
Энэ цагаан сар мөнгөний урсгал, бизнесийн орчинд ямар өөрчлөлт дагуулсныг үндэсний судалгааны MMCG компани урьдчилан тооцжээ. Тус компани 21 аймаг болон Улаанбаатар хотын есөн дүүргийн 1000 өрхийг хамруулан, цагаан сарын баяр дахь худалдан авалтын хандлагыг судлахад нэг өрх дунджаар 1.000.000 – 1,135,967 төгрөгийн төгрөгийн зардал гаргасан байна. Судалгаанд эдгээр өрхийн 80 хувь нь цагаан сар тэмдэглэж, нийслэлчүүд 350 орчим тэрбум төгрөг зарцуулжээ. Тэдний 59 хувь нь зээл авч, сар шинээр баярладаг гэсэн тооцоо байна. Харин улсын хэмжээнд энэ дүн 62 хувьтай байна. Ийнхүү хойд хормойгоороо урд хормойгоо нөхөн, зээл тавин цагаан сарын ард гарч буй өрхийн түвшин 2016 оныхоос 17 хувиар өссөн нь , цагаан сар дийлэнх өрхөд өр, зээл, бизнес эрхлэгчдэд орлого нэмжээ.
1 comment
Цагаан сарын идэж уух юм авахад зарцуулсан мөнгө бага, дунд орлоготой айлуудад нилээд ачаалал өгсөн нь тодорхой. Ялангуяа бүл цөөнтэй дунд болон ахмад настангууд цалингийн зээл авах энэ тэр гээд. Ядаж байхад манайхан нэр төрөө болож байна гээд хамаг юм аа шавхчхдаг юм шиг байгаам даа. За ямартай ч өвлийг өнөтэй давсаны баярыг бүгд сайхан тэмдэглэсэн бол болоодоо.