Энэ сарын 14-нд буюу Гэгээн хайрын өдөр Флоридагийн нэгэн дунд сургуульд 17 хүнийг буудаж хороосон өсвөр насны хүү ургийн архины хам шинж буюу тархиндаа асуудалтай байж болзошгүй тухай Daily Mail-д бичжээ.
Айлд өргүүлсэн өнчин хүү, 17 настай Николас Круз зодооны улмаас сургуулиасаа хөөгдсөнөөсөө хойш яг нэг жилийн дараа энэхүү халдлагыг зохион байгуулсан юм. Харин мэргэжилтнүүд хүүгийн нүүр царайг судалж үзээд түүнийг ургийн архины хам шинжтэй байж магадгүй гэж тодорхойлжээ. Ийм хүмүүс хамрийн уг намхан, жижигхэн нүдтэй, дээд уруул нь нимгэн, хүн хонхорхой нь үл анзаарагдам, чихний бага зэргийн гажигтай байдаг.
FASCETS ашгийн төлөө бус байгууллагын Ургийн архины хам шинжтэй хүүхдүүдийн эцэг эхтэй ажиллах хөтөлбөрийн захирал Натали Брассарын ярьснаар ингэж таамаглах үндэслэл бий гэнэ.
“Зарим тодорхойлолтоос харахад тэрбээр тархиндаа илрээгүй асуудалтай байж болзошгүй. Магадгүй ургийн архины хам шинж болон өөр асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан тэр хэвийн хүүхэд биш. Тэр биеэ буруу авч явснаас үүдэлтэйгээр сургуулиас хөөгдсөн. Энэ бол түгээмэл шинж тэмдэг” гэжээ.
Энэхүү хам шинж нь эх жирэмсэн үедээ архи, согтууруулах ундаа хэрэглэхээ зогсоохгүй байдгаас болдог. Уг хам шинжийн улмаас ой тогтоолтод асуудал гарч, сурах, биеэ авч явах чадвар муудаж, хяналтгүйгээр түрэмгий зан гаргадаг.
Гэхдээ Брассар зөвхөн нүүр царайг нь хараад л яаран дүгнэлт хийх хэрэггүй гэж уриалж байна. “Биеийн шинж тэмдэг тун бага илэрдэг. Ихэнхэд нь энэ шинж ажиглагдахгүй. Гэхдээ ийм хүмүүс бусдаар тун өвөрмөцөөр биеэ авч явдаг хүмүүс байдаг. Тэд түр зуурын ой тогтоолтын алдагдалтай, хийсвэрлэн бодох чадвар муутай, хэл яриа, харилцааны алдагдалтай байдаг. Энэ бүгдийг нийгэмд биеэ муу авч явдаг гэж ойлгодог учраас шийтгэж, сэтгэл санааны цохилтод оруулдаг” гэжээ.
Ургийн архины хам шинж гэж юу вэ?
Эрдэмтдийн үзэж буйгаар асрамжийн газраас өргөж авсан ихэнх хүүхдүүд ургийн архины хам шинжид өртсөн байх магадлалтай гэнэ. Энэ талаар тодорхой баримт бичиггүй тул өргөж авсан эцэг эх нь мэдэхгүй өнгөрдөг тал бий.
Энэ хам шинж үүсэх цорын ганц нөхцөл байдаг. Энэ бол эх жирэмсэн үедээ архи, дарс хэтрүүлэн хэрэглэх юм. Ингэснээр согтууруулах ундаа нь эхсээр дамжиж ургийн бие махбодод нэвтэрдэг. Хүүхдийн бие анхнаасаа согтууруулах ундааг боловсруулахад бэлэн бус байдаг болохоор ээжээсээ удаан хугацаанд согтолтын байдалд ордог.
Ялангуяа жирэмсний эхний гурван сард архи, согтууруулах ундаа хэрэглэх нь хүүхдийн хөгжилд ноцтой асуудал үүсгэдэг байна. Учир нь энэ үед хүүхдийн мэдрэлийн систем, яс, дотоод эрхтнүүд бий болдог.
Ингээд ургийн архины хам шинжтэй хүүхдүүд төрснөөсөө хойш удалгүй ойрын харалган болох магадлал нэмэгддэг. Мөн сонсголын эрхтэн нь зөв бүрэлдээгүйгээсээ болоод чихний халдварт байнга өртөж, амтлах чадвар нь муу байдаг.
Мөн сэтгэл санаа нь огцом хувирах, түрэмгийлэх, анхаарал нь сулрах, өөрийгөө удирдах, хариуцлага хүлээх чадваргүй болж, нийгмийн хэм хэмжээг хүлээн авах, хүмүүс хоорондын харилцаа тогтооход хүндрэл үүсдэг.
Ургийн архины хам шинжтэй хүүхдүүд сурахдаа муу бөгөөд ой тогтоолт муутай, үг ойлгох, тооцоолох чадваргүй, асуудлыг шийдвэрлэх чадваргүй, төсөөлөн бодох, сониучирхах хандлагагүй байдаг. Мөн оюун ухааны түвшин буурсан байдаг. Ургийн архины хам шинжтэй хүүхдүүдийн IQ 60 орчим нэгжтэй байдаг нь оюуны хоцрогдолтой гэсэн үг юм.
Ургийн архины хам шинжтэй хүмүүс нас биед хүрэх тусмаа сэтгэцийн өвчинд нэрвэгдэх, хууль дүрэм биелүүлэхгүй байх, бие даан амьдрах чадваргүй болдог.
2 comments
MONGOLIK
THE MONGOOLO