“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны дунд шатны тайлангийн танилцуулга болон хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар болон нийслэлийн харьяа байгууллага, инженерийн хангамж, олон улсын болон банк санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн 50 орчим төлөөлөл оролцлоо.
Судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.
Тус судалгааны нээлт болон анхан шатны тайланг өнгөрсөн оны 5, 9 дүгээр сард хийсэн бөгөөд судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүн болон судалгааны эхний үр дүнг танилцуулсан.
Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар УБ хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргахаар төлөвлөсөн.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр арга хэмжээг нээж хэлэхдээ – “Нийслэлийн зүгээс энэ судалгаанд ихээхэн ач ач холбогдол өгч Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлдээ тусгасан, түүнчлэн судалгаа нь 2017 оны 3 сард МУ-ын ЗГ-аас баталсан АГААР, ОРЧНЫ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, тухайлбал хот төлөвлөлт, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлэх, байгальд ээлтэй, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх замаар бохирдлын эх үүсвэрийг багасгаж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хориглож, бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах зэрэг зорилтонд бүрнэ нийцэж байгааг” тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр сэргээдэх эрчим хүчний чиглэлээр Японы JICA-тай хамтран газрын гүний дулааныг ашиглах төсөл хэрэгжүүлэх гэж байгааг дуулгасан юм.
Мөн семинарт оролцсон ХБНГУ-ын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга доктор Христиан Гласс хэлэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгоход тухайлбал, түүхийн нүүрсний үнэ хямд, иргэдийн орлого бага, техникийн ноу-хау дутагдалтай зэрэг олон сорилт бэрхшээл байгааг дурьдаад боломжит шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэх бөгөөд харилцан уялдаатай цогц арга хэмжээ авах, энэ чиглэлээр олон улсын донор байгууллагуудын дэмжлэг авч хүчин чармайлтаа нэгтгэхийн чухлыг тэмдэглэсэн.
Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны дунд шатны тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр авч хэрэгжүүлэх богино, дунд болон урт хугацааны арга хэмжээ, зөвлөмжийг танилцуулсан. Тухайлбал, Улаанбаатар хотын орчимд нар, салхины эрчим хүч ашиглах боломж байгааг дурьдахын зэрэгцээ ялангуяа өвлийн улиралд эдгээр нөөцийн бие биенээ харилцан нөхөх боломж бага байгаа тул энэ байдлаас гарах зарим техникийн шийдлүүдийг санал болгосон. Мөн цаг алдалгүй шууд хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнд нарны зайн хураагуурыг (Photovoltaic) гэр хороолол, барилгын дээвэр дээр байршуулахыг зөвлөсөн.
Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс агаарын бохирдол, тоосжилт ихтэй нөхцөлд нарны зайн хураагуур ашиглах нь хэр үр дүнтэй байх, урт хугацааны прогноз гаргахын хажуугаар авах арга хэмжээг үе шаттайгаар харуулах, барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах ач холбогдлыг онцгойлон авч үзэх, санал болгож буй арга хэмжээний хөрөнгө оруулалт, өртөг зардлыг тооцож харуулах, төвлөрүүлэх зарчмаар ажилладаг нарны станцыг ашиглах боломж, сэргээгдэх эрчим хүч ашиглахаас өмнө байшин, орон сууцны дулааны алдагдлыг бууруулах шаардлагатай байгаа, дулааны тооцоонд хэрэгцээний халуун усны эрчим хүчийг оруулж тооцох зэрэг санал гаргаж байсан. Мөн агаарын бохирдлыг бууруулахад үндэслэл, тооцоо судалгаатай зөвлөмж чухал байгааг дурьдсан бөгөөд нийслэл Улаанбаатар хот эдгээр зөвлөмжид тулгуурлан авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахаар төлөвлөж байгааг дуулгасан. Цаашид энэ судалгааг бодит ажил хэрэг болгоход Монгол талын шийдвэр гаргагчдын дэмжлэг чухал болохыг семинарт оролцогчид тэмдэгдэж байсан.
GIZ-ийн Хотын Нэксус төсөл судалгааны төгсгөлийн тайланг энэ оны тавдугаар сард бэлэн болгож Монгол улсын Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох бусад газруудад хүргүүлнэ гэж тус төслийн захирал хатагтай Рут Эрлбек мэдэгдсэн гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.