Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн төрийн бодлого дутмаг байдгийг тэдний нийгмийн баталгаанаас харж болмоор. Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөх эрх нээлттэй ч сурах орчин нөхцөл тун чиг тарчигхан.
Анх 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаар Хүүхдийн эрх, эрх чөлөөний тухай “Хүүхдийн эрхийн конвенц”-ийг баталсан бөгөөд түүнээс хойш гарсан олон улсын баримт бичиг, тунхаглалуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад боловсрол олгох, тэдний эрхийг хамгаалах, нийгэм хамт олон дунд нь нийгэмшүүлэх талаар онцлон заасан.
Энэ конвенцэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бүрэн дүүрэн аз жаргалтай амьдрахын тулд дэмжлэг тусламж, халамж хэрэгтэйгээс гадна сурч боловсрох эрх эдлэх, дээд зэргээр өөртөө итгэх, улмаар нийгмийн интеграцчлалд тэгш эрхээр бүрэн ханган оролцуулах буюу оролцох эрхтэй гэж заасан байдаг. Манай улс ч энэхүү конвенцэд нэгдэн нийлэхээ олон удаа илэрхийлсээр ирсэн. Гэвч байдал өөр. Улсын тодотголтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургууль цэцэрлэг хуруу дарам цөөн.
Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29, мэргэжлийн сургалттай 55 дугаар бүрэн дунд, Сүхбаатар дүүргийн 25 дугаар, 63 дугаар, харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар, БГД-ийн 70 дугаар тусгай сургууль болон “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”, “Бамбарууш” цэцэрлэг гээд л дуусна. Гэвч Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр манай улсад 102 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдгаас цэцэрлэгийн насны буюу хоёроос таван насны хоёр мянган хүүхэд байдаг байна.
Тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн 39 хувь нь буюу 780 нь цэцэрлэгт хамрагддаг. Гэтэл энэ насны хүүхдийн 60 хувь нь цэцэрлэгт явдаг гэж бүртгэгдсэнтэй харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдалт 1.5 дахин бага гэсэн тооцоо гарч байна. Энэ чиглэлээр олон ажил төлөвлөж, төсөл хэрэгжүүлж, олонтоо ярьдаг ч тэднийг орхигдуулсаар ирсэн. Тэдний дуу хоолой нийгэмд хүрэх нь ч ховор.
Наад захын жишээ нь “Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор”-ын барилгын ажил юм. Уг цэцэрлэгийн байрыг 2013 онд акталж суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон. Ингэснээр тус цэцэрлэгт хүмүүжиж байсан хүнд хэлбэрийн тархины саатай, дауны хам шинжтэй, давхар согогтой нийт 120 гаруй хүүхэд өөр цэцэрлэгт хуваагдан хүмүүжиж байгаа. Барилгын явц дөрөв, таван жилээр удааширч буй болон төсөвт оруулсан мөнгө нь жил бүр багасаад байгааг эсэргүүцэн эцэг эхчүүд хэд хэдэн удаа жагсаал хийсэн ч тусыг эс олсон. Энэ талаар манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ.
Уг нь тус цогцолборын барилгын ажлын нэгдсэн төсвийг 5.3 тэрбум төгрөгөөр барихаар 2014 оны нийслэлийн төсөвт суулгасан байжээ. Гэвч Засгийн газраас концессын гэрээгээр шинэ цогцолборыг барихаар болж барилгын ажил эхлэхгүй явсаар ирэх оны улсын төсөвт 2.5 тэрбум төгрөгөөр тусгагдсан байна. Уг асуудлын талаар тус цогцолборын эрхлэгч Г.Буянжаргал “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар шинэ цогцолборыг барихаар зураг төслийг хийсэн.
Бүх зүйл зөвшөөрөгдөж, барилга барих хөрөнгийг нийслэлийн төсөвт суулгахаар төлөвлөөд байсан юм. Гэтэл Засгийн газрын тогтоолоор 72 сургууль, цэцэрлэг концессоор барихаар болсон. Олон Сургууль, цэцэрлэг болгох гээд манайхыг мөн түүндээ оруулсан байгаа юм. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын тамгын газарт яамнаас мэдэгдээгүй байсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр байгууллагын уялдаа холбоогүйгээс болоод шинэ барилгын ажил зогсчихсон. Тэгээд одоог хүртэл концессоор ч барьсан юмгүй байна.
Тэр 72 сургууль, цэцэрлэг нь ч баригдсан юм алга. 2018 оны улсын төсөвт манай цогцолборыг ердийн цэцэрлэгийн төсөвтэй адил баталсан байна. Баянзүрх дүүрэгт 10 дугаар цэцэрлэг өөр байхгүйг мэднэ. Би энэ байгууллагад 10 жил эрхлэгч хийж байна. 1994 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг авч байгаа. Анх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг цэцэрлэгтээ хамруулна гэж байхад тухайн үеийн Эрүүл мэндийн сайд “хүүхдийн шар хад байгууллаа” гэж байсан.
Одоо нийгэм өөр болсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бидэнтэй адил нийгэмд амьдарч болно гэдгийг хүн бүр ойлгодог болчихсон үе. Гэтэл өмнөх үе рүүгээ явж байгаа юм шиг болж байна. Энэ төсвөөс харахад 200-280 ортой цэцэрлэгийг 2.5 тэрбум төгрөгөөр барих юм байна.
150-200 бол 1.5 тэрбум, 100 хүртэл ортой бол 1.2 тэрбум төгрөгөөр барихаар тусгасан байна. Энэ дунд манай цэцэрлэгийг 280 хүүхдийн ортой гэж бичсэн байгаа юм. Гудамжид таарсан энгийн иргэн хүртэл “танай цэцэрлэг баригдаж дууссан уу” гэж асуух болсон. Тэгэхээр хүн бүр мэдэж байгаа биз. Гэтэл сайд дарга нар мэдэхгүй байх учиргүй. Аль эсвэл манай байгууллагыг энгийн цэцэрлэг болгох гэж байгаа юм болов уу” гэсэн юм.
Ингээд манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үл тоомсорлодог, тэдний дуу хоолойг, нийгэм, төр засаг нь хүлээн зөвшөөрдөггүйг илтгэж байгаа юм. Үүнээс гадна нийтийн тээвэр, зарим төрийн байгууллага, үйлчилгээний газарт тэдний зорчих стандарт зам, хаалга байдаггүйг ч олон жил улиг болтол нь ярьсан. Гэвч дээрддэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэлж буйгаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчин, нийгэмд эзлэх байр суурь, амьдралын баталгааг сайн дурын болон улсын байгууллагууд л дэмждэг.
Төрөөс олон арга хэмжээ авна гэдэг ч эзэндээ очдоггүй, нүдээ олдоггүй гэнэ. Мөн агаарын бохирдол, зам тээврийн осол зэрэг хүчин зүйлээс шалтгаалан жил ирэх тусам хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нэмэгдэж байхад, статистикаар энэ тоо багасдаг нь ноцтой үзэгдэл. Мөн жил бүр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэг нэмэгдэх ёстой байтал манай улсад байгаа хэдийгээ дээш нь татахгүй, барилгын ажлыг нь удаашруулах явдал байгааг ч нэмж хэлэв.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин