Улсын хэмжээнд 2017 оны байдлаар 33 000 гэмт хэрэг бүртгэгдсэний 12 000 нь хулгайлах гэмт хэрэг байжээ. Энэ нь нийт гэмт хэргийн 38 хувийг эзэлж байна гэсэн үг. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 34 хувиар огцом өссөн.
Сүүлийн арван жилийн судалгаанаас үзэхэд хулгайлах гэмт хэрэг буурч, өсөх үе байсан ч өнгөрсөн онд 34 хувиар өссөн нь сүүлийн 20 жилд үзэгдээгүй хамгийн өндөр үзүүлэлт гэдгийг албаныхан онцгойлон хэлж байна.
-ЧЕНЖҮҮДЭЭС ХУРААЖ АВСАН 150 УТАСНЫ 40 НЬ ХУЛГАЙН УТАС БАЙСАН АЖ-
Гар утасны гурван ченжээс 150 утас хурааж шалгахад 40 нь хулгайн утас болох нь тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэв. Тодруулбал, тэд хулгайч нараас 200 мянган төгрөгөөр худалдаж авсан утсаа бага зэрэг сайжруулаад 700, 800 мянган төгрөгөөр эргүүлэн зардаг болох нь тогтоогджээ. Тиймээс иргэдэд ченжээс утас авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хэрвээ ченжээс утас аваад, тэр нь хулгайнх байж таарвал тухайн гар утсыг хурааж, эзэнд нь өгнө, харин та мөнгөөрөө хохирно. Ченжүүд үнэхээр цагаандаа гарсан гэдгийг албаныхан хэлж байна. Тэд ямар ч хяналтгүй, хулгайч нарын гар дээрээс утас, алт мөнгөн эдлэл авч, дамлан зарсаар байна. Тэдэнд хаанаас яаж олсон нь огт падгүй. Хямдхан авч байвал л бол оо.
Иймд цагдаагийн байгууллагаас тодорхой арга хэмжээ авч эхэлжээ. Тодруулбал, 14 хоногийн өмнө “Нарантуул” зах, “Тэди”,” Монтел” худалдааны төвийн эзэдтэй гэрээ байгуулж, үүдэндээ зогсож буй утас, үнэт эдлэлийн ченжүүдийг хөө, хэрвээ хөөхгүй бол хулгайн гэмт хэргийг дэмжин өөгшүүлж байна гэж үзэж, тус зах, худалдааны төвүүдийн эзэдтэй хариуцлага тооцохоор болжээ. Түүнчлэн хулгайн эд зүйл худалдан авч, лангуун дээрээсээ зарсан тохиолдолд түрээсийн гэрээгээ цуцлах хэрэгтэй гэдэг шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьж эхэлсэн байна.
-ХУЛГАЙН ЭД ЗҮЙЛ ХУДАЛДАЖ АВСАН ИРГЭН БОЛОН ЧЕНЖҮҮДЭД
МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР ЯЛ ТУЛГАНА-
Тэдэнд Эрүүгийн хуулийн 18.6-д заасны дагуу “Мөнгө угаах” гэмт хэргээр хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Энэ хуулиар иргэн хүн гудамжинд явж байгаад хулгайн эд зүйл худалдаж авбал зургаан сараас нэг жил хүртэл хорих ялаар шийтгүүлнэ.
Харин байнга хулгайн зүйл худалдаж авдаг ченж мэтийн этгээдүүдэд таван жилийн хорих ял онооно. Бүр зохион байгуулалттай хулгай хийлгэж худалдаж авдаг бол 5-12 жилийн ял өгнө гээд заачихсан байна.
18.6 дугаар зүйл. Мөнгө угаах
1. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж;
2.2. байнга тогтвортой үйлдэж;
2.3. албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
4. Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=103316
1 comment
Хахаха. Мэдээгүй мэдэх боломжгүй байсан бол яана гэж. Хийц загвар эд ангийг нь сольцон утасыг шинэ гэж итгээд авсан хүнийг бас жил хорино биз. Бас утасыг нь хурааж аваад улсын орлого болгох уу хахахахахахаха