Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан тогтоолын дагуу НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж буй болон хийхээр төлөвлөсөн ажлуудын гүйцэтгэл, явцтай танилцлаа.
Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь мэдээлэл, харилцаа холбооны технологийг оновчтой ашиглах замаар засаглалыг илүү сайжруулан, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдэд ил тод, хүртээмжтэй болгох, шат дамжлагыг багасгах зорилгоор олон ажлуудыг шат дараатайгаар хийсээр байгаа юм.
2017 онд “Орон зайн мэдээлэлд суурилсан хот байгуулалтын дундын мэдээллийн нэгдсэн сан” https://ulaanbaatar.maps.arcgis.com, “Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний систем” www.smartcar.mn, “Цэцэрлэгийн цахим бүртгэл” https://ulaanbaatar.tsetserleg.mn зэрэг системүүдийг нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн.
Иргэдэд үзүүлж байгаа төрийн зарим үйлчилгээг цахимжуулахын тулд дэд бүтцийг хангах чиглэлээр нийслэлийн Дата төвийг өргөтгөн шинэчилж, Баянгол дүүргийн 23 хороог нэгдсэн сүлжээнд холбосон.
Цаашид Төрийн үйлчилгээний бүрдэл материал, шат дамжлагыг багасгах, нэгдсэн хяналт удирдлага, үйлчилгээг хүнд сурталгүй хурдан шуурхай авах боломжтой дотоод хяналт, шийдвэрлэлтийг хангасан системийг энэ онд хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.