Бельгийн Валлония-Брюссель холбооны Төрийн алба, төсвийн асуудал эрхэлсэн сайд Андрей Флао тус улсын дунд сургуулиудад араб хэл заах тухай санал оруулж иржээ.
“Мароккогийн сайд Абделкрим Бенатиктай хийсэн хэлэлцээрийн хүрээнд би Валлония-Брюссель холбооны дунд сургуулиудад араб хэл заах асуудлыг яаралтай оруулах шаардлагатай гэж тэмдэглэсэн. Энэ асуудал нь хүндлэлийн нэг илэрхийлэл, хамтдаа эв найртай амьдрах шинэ алхам юм” хэмээн “Twitter”-тээ жиргэжээ.
Фламандын социологич Ян Хертонгений мэдээллээс үзэхэд Бельгид 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар лалын шашинтнууд 780 мянга гаруй буюу вант улсын нийт хүн амын долоон хувийг эзэлж байжээ.
Лалын шашинтнуудын олонх нь буюу 23.6 хувь нь нийслэл Брюсселийн бүсэд аж төрдөг бол 4.9 хувь нь франц хэлтэй Валлонияд, 5.1 хувь нь голланд хэлтэй Фландрияд амьдардаг байна.