Ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг гаргах бодлого баримтлаад буй. Өнгөрсөн баасан гаригт Америкийн Хуульзүйн яамаас хууль бус цагаачдыг шууд албадан гаргах цагаачлалын шүүгчдийг 12 хотод түр хугацаагаар дахин томилох шийдвэр гаргажээ. Энэ талаар “Breitbart” сайт мэдээллээ.
Трампын энэ шийдвэр нь цагаачдыг албадан гаргах шийдвэрийг түргэтгэх үүднээс ийнхүү шүүгчдийг нэмэлтээр илгээж, шууд буцаах үйл ажиллагааг хурдасгаж байгаа аж. Энэ шийдвэрийн дагуу Нью-Йорк, Лос Анжелес, Майами, Нью Орлеанс, Сан Франциско, Балтимор, Блумингтон, Миннесота, Омаха, Небраска болон Финикс, Аризона хотод хууль бусаар амьдарч буй эсвэл гэмт хэрэгт холбогдсон, ямар нэг хууль бус үйлдэл гаргасан гадаадын иргэдийг эх оронд нь шууд буцааж, албадан гаргахаар болж байгаа юм. Энэ тухай одоогоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлээгүй байгаа юм байна.
Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын баталсан анхны цагаачлалын зарлигт хориг тавих хүртэл, цагаачлалын хорих төвд шүүгчдийг илгээж, зөрчилтэй иргэдийг яаралтай буцаах арга хэмжээ авч байсан юм. Түүнийг зарлиг баталсны дараа нисэх буудлаас 109 хүн буцаж, гацаанд орсон гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байсан билээ. Хэдий албаны зүгээс энэ шийдвэр 109 хүнд хамааралтай мэтээр мэдээлсэн ч, АНУ-д зорчих хүсэлт гаргасан 100 мянган хүний виз цуцлагдсаныг хэвлэлүүд онцолж байсан юм. Тэгвэл энэ удаад хил, гаалийн шалгалтаар бус АНУ-д оршин суугаа цагаачдад хамааралтайгаар шийдвэрлэж эхэлжээ.
Обамагийн засаглалын үед ноцтой гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг шууд эх нутаг руу нь буцаах бодлого баримталж байсан. Харин Цагаан ордны шинэ эзний захирамжийн дагуу, одооноос эхлэн цагаачлал, гаалийн албаны ажилтнууд ямар нэг гэмт хэргээр шийтгүүлсэн, мөн АНУ-ын албаны хүмүүсийг хууран мэхэлсэн, нийгмийн халамж, тусламж олгох хөтөлбөрийг буруугаар ашигласан цагаачдыг шууд буцаахаар болж байна. Ингэснээр хил, гааль, цагаачлалын ажилтнууд, хилийн харуулууд бичиг баримтгүй, хууль бус цагаачдыг цагаачлалын шүүхэд танилцуулалгүй шууд, хамгийн хурдан хэлбэрээр буцаах эрхтэй болж байна.