Үндэсний ойн тооллогын 2016 оны баримтаар Монгол орны ой болц гүйцсэн, өсөлт буурсан, нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогджээ. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй ой мод бий болгох шаардлага тулгамдсан асуудал болсныг холбогдох албаныхан хэлж байна. Өнөөдөр (2017.03.20) олон улсын ойн өдөр тохиож байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор жил бүрийн энэ өдрийг Олон улсын ойн өдрийг тэмдэглэж байхаар дэлхий нийтэд тунхагласан байдаг. Харин манай улс 2013 оноос энэ өдрийг тэмдэглэж эхэлснээр өнөөдөр тав дахь жилээ угтаж байгаа юм. Энэ өдрийн хүрээнд Бест вестерн премьер Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний II чуулганыг зохион байгуулж байна.
Хүн төрөлхтөн хамгийн анх модноос эрчим хүч гаргаж авсан байдаг. Харин өнөөдөр нийт эрчим хүчний 6 хувийг, сэргээгдэх эрчим хүчний 40 орчим хувийг модны эрчим хүч хангаж байгаа юм байна. Дэлхий дээр өнөөдөр 900 сая хүн модны энергийн салбарт ажилладаг бол нийт модны 50 орчим хувийг жилд 1,86 тэрбум орчим шоометр мод түлшинд хэрэглэдэг аж. Мөн 2,4 тэрбум хүн түлшний модыг халаалт, хоол хүнсээ болгоход ямар нэг хэмжээгээр хэрэглэдэг юм байна. Тэгвэл манай улс нийт бэлтгэсэн модныхоо 80 орчим хувийг буюу 574,2 мянган шоометрийг модыг түлшинд хэрэглэдэг аж.