Өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд шинэчлэн батлагдсан “Цагдаагийн албаны тухай хууль”-ийн эх бичвэрийг хүлээн авах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө. Шинэ хуулийн эхийг Хууль зүйн дотоод хэргийн сайд С.Бямбацогт гардан авлаа. Ийнхүү олон нийтийн өмнө шинэ хуулийн эхийг гардуулан өгч буй нь хуулийг хэрэгжүүлэх сайн жишиг тогтож байгааг энд ирсэн эрхэмүүд онцолж байв. Тухайлбал, УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга Ө.Энхтөр болон холбогдох бусад албаны хүмүүс оролцсон билээ.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлэхдээ “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хамгаалах хууль зүйн боломжийг улам нэмэгдүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгыг хэрэгжүүлэхэд Цагдаагийн албаны тухай хууль нэн тэргүүнээ үйлчлэх болно. Ингэснээр манай оронд эрх зүйт төрийг улам бүр төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон алхам болно гэдэгт итгэлтэй байна. Монгол түмэн ардын цагдаадаа итгэж , Монгол Улс төрийн цагдаагаа дэмжин түшиж ирсэн ариун уламжлал цагийн эрхэнд алдрах учиргүй.
Төрийн түшиг, түмний өмөг болсон цагдаагийн байгууллагынхаа нийт бие бүрэлдэхүүнд аз хийморь, цог залийг эрхэмлэн ерөөе” гэсэн юм. Энэ үеэр цагдаагийн албан хаагчдын ёслолын жагсаал болж, Цагдаагийн албаны тухай хуулийн эх бичвэр, Цагдаагийн байгууллагын тугийг үдэн гаргаж, хүндэтгэлийн танхимд байршуулсан юм гэж Хуульзүй дотоод хэргийн яамнаас мэдээллээ.