Өнөө өглөө (2017.03.21) ) Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд 09:36 цагт зорчигч тээвэрлэж явсан автобусанд гал гарч шатсан. Зорчигч тээврийн энэ автобус нь Баруун-Салаа, Халдвартын чиглэлд үйлчилж байсан УБГ-3671 улсын дугаартай автобус байжээ. Тухайн үед долоон зорчигч сууж явсан гэж нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үеэр хэлэв.
Галын дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэсийн гал унтраах 10-р анги шуурхай ирж, галыг 20 минутад унтраасан байна. Одоогоор галын шалтгааныг судалж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар хөдөлгүүрийнхээ хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн эхний шинж тэмдэг илэрчээ. Харин эцсийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж. Шатсан гэх автобус нь өнгөрсөн оны тавдугаар сард Монгол Улсад импортоор орж ирсэн нэг жил ч болоогүй тээврийн хэрэгсэл байжээ.