БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг солонгос хэлний шалгалтын бүртгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 4-6-нд орон даяар явуулна. Шалгалтыг тухайн сарын 30-наас тавдугаар сарын 2-н хүртэл зохион байгуулах аж.
БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газраас шалгалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх сарын 28-нд өгнө гэв.
БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авдаг солонгос хэлний шалгалтын журамд 2018 оноос эхлэн нэмэлт өөрчлөлт орсон. Тодруулбал, Мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр БНСУ-д таваас дээш жил оршин суугаагүй байх гэсэн заалтыг нэмсэн.
Өнгөрсөн 2017 онд солонгос хэлний шалгалтад нийт 8429 иргэн бүртгүүлснээс 5933 нь шалгалт өгч, 1635 иргэн тэнцэж байжээ. Шалгалтанд тэнцсэн иргэдээс 1000 гаруй нь БНСУ-д үйлдвэрт гэрээгээр ажиллахаар явсан байна.