Олны нэрлэж заншиснаар PC тоглоомын газарт залуус маргалдаж, нэгнийхээ аминд хүрсэн хэрэг өчигдөр (2018.02.05) гарчээ. Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлалтай тоглоомын газарт 19:00 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүмүүс маргалдаж, нэгнийхээ гуяыг хүйтэн мэсээр гэмтээж, амь насыг нь хохироожээ. Талийгаач Ш нь 27 настай, эрэгтэй байсан аж.
Хэрэгт холбогдсон Т нь 27 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийслэлд оршин суудаг болохыг нь тогтоожээ. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Хэрэг гарсан цахим тоглоомын газар нь албан ёсны зөвшөөрөлтэй боловч тус газрыг өнөөдрийн байдлаар түр хаан, хэргийг шалгаж эхэлжээ.
Өмнө нь 2011 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн хажууд байрлах PC тоглоомын газарт буудалцаан болж насанд хүрсэн хоёр хүн нас барсан хэрэг гарч байв.