Алмата хотын иргэн Илай Дягилев эмэгтэй хүн болон хувирч, “Miss Virtual Kazakhstan” гоо бүсгүйн тэмцээний эцсийн шалгаруулалтад үлджээ. Энэ талаар “Sputnik Казахстан”-д бичжээ.
Өдгөө 22 настай тэрбээр эмэгтэй хүний хувцас өмсөн зураг авахуулж, Арина Алиева нэрээр өрсөлджээ. Ингээд түүний зургууд олон хүний таашаалд нийцэж, Дягилев эцсийн шалгаруулалтад үлдсэн байна. Харин тэрбээр өөрөө эмэгтэй хүн биш гэдгээ илчилж, яагаад ийм зүйл хийх болсон шалтгаанаа тайлбарлажээ. “Манай найзууд бид хэдийн дунд гоо сайхны тухай маргаан өрнөсөн. Ингээд би энэ тэмцээнд оролцохоор шийдсэн юм. Миний хувьд байгалиараа, төрөлх гоо сайхныг дэмждэг. Харин одоо ихэнх охид адилхан будаж, трэнд хувцасласнаа сайхан харагдаж байна гэж боддог. Миний хувьд үүнийг эсэргүүцдэг” хэмээн ярьжээ.
“Үүгээрээ би заавал ижил стандарт байх шаардлагагүй, хүн бүр төрөлх байдлаараа байх нь илүү дээр гэдэгт нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьсон” хэмээн тэрбээр нэмж ярьжээ.