Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сарын баярт зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдааны тасалбарыг цахимаар худалдаалах боломжгүй гэв. Цахимаар нэг хүн хэдэн ч удаа тасалбар захиалж “шаг ихэднэ” хэмээн үзэж байгаа аж. Иймд бөхийн барилдаан эхлэх битүүний өглөө Монгол бөхийн өргөөний тасалбар түгээгүүрээр худалдах бөгөөд нэг үзэгчид хоёроос илүү тасалбар олгохгүй байхаар шийдвэрлэжээ.
Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн барилдаан хоёрдугаар сарын 15-ны 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм. Тус танхим 2500 орчим суудалтайгаас барилдаанд оролцох бөхчүүд, урилгатай зочдод 800 шахам урилга тарааж, үлдсэн суудалд тааруулан тасалбар худалддаг байна.