Манай улсын төсвийн мэдээлэл ил тод байсан бол Ц.Нямдорж сайд 360 сая төгрөгийн үнэтэй машин унан тансаглаж буйг яамныхаа гадаа агссан, бүрэн тоноглолтой жийпнийх нь зургаар “илрүүлэхгүй” байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь тэр талаар “АСЕМ-ын уулзалтад зориулан худалдаж авсан ч зарагдахгүй байгаа машинуудаас нэгийг нь Ц.Нямдорж сайдад унуулсан” гэж худлаа яриагүй бол бид учрыг нь түвэггүй олох байлаа. Үнэндээ тэр машиныг ШШГЕГ-ын удирдлага өнгөрсөн жилийн төсвөөс хэмнэсэн мөнгөөрөө худалдан авч, сайддаа унуулсан болж таарсан. Үүнийг тус байгууллагын шилэн дансны мэдээлэл батална. Гэвч эл явдал олон нийтийн хараанд өртөөгүй бол ШШГЕГ 360 сая төгрөгөөр худалдан авсан машиныг сайд нь унаж буйг бид мэдэхгүй өнгөрөх байлаа.
Энэ бол Монгол Улсын төсөв ил тод бус гэдгийг харуулах энгийн ганц жишээ. Улсын төсвийг ил байлгах зорилгоор Шилэн дансны тухай хуулийг 2015 оноос мөрдөж буй. Юутай ч татварт төлсөн мөнгийг минь хаана, хэн, хэрхэн зарцуулж буйг мэдэх, хянах хөшүүрэг ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг.
Наад зах нь иргэд тухайн төрийн байгууллагын цалингаас бусад, таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын гүйлгээг харж, “хэрэгт дурлах” боломж бүрдсэн. Харамсалтай нь, “Сахил хүртээд шал дордов” гэгчээр манай улсын төсвийн ил тод байдлын индекс буурсаар байна. Улс орнуудын 2017 оны төсвийн жил дууссаны дараа үзүүлэлтүүдийг нь нэгтгэсэн дүнг саяхан танилцуулсан судалгаагаар манай улс 46 оноо (нийт 100 оноо авах ёстой) авч, 2010 оноос хойших хамгийн муу үнэлгээнд хүрэв. Манайхтай ижил оноо авсан улсуудаас дурдвал, Кени, Унгар, Марокко, Эль-Сальвадор зэргийг нэрлэж болох нь. “International budget partnership” байгууллагаас хоёр жил тутамд хийдэг дээрх судалгаанд энэ удаа 115 орныг хамруулсан бөгөөд манай улс 2012, 2015 онд 51 оноо авч байжээ. Тиймээс Монгол Улс төсвөө ил тод байлгахын тулд илүү идэвхтэй ажиллах хэрэгтэйг тэд онцолжээ. Ингэхдээ хагас жил тутам төсвийн мэдээлэлд дүгнэлт хийж, түүнийгээ олон нийтэд хүргэх, оны эцэст ч цахимаар танилцуулах зөвлөмж өгчээ. Түүнчлэн төсвийн урьдчилсан гүйцэтгэлийн мэдээллийг иргэдэд боломжит хэлбэрээр танилцуулах, олон нийтийн төсөв батлах үйл явцад санал, дүгнэлт өгөх бололцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Уг дүгнэлтийг Үндэсний аудитын газраас Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын тайлан ч баталж буй юм. Тэд Шилэн дансны тухай хуулийг биелүүлэх үүрэгтэй бүхий л байгууллага (35 төсвийн ерөнхийлөн захирагч, тэдгээрийн харьяа 4290 байгууллага) 2016 оны аравдугаар сарын 1-нээс нэг жилийн хугацаанд хууль хэрхэн хэрэгжүүлснийг шалгажээ. Уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш жил бүр хийж буй энэ удаагийн аудитын тайланд ч холбогдох байгууллагууд шилэн дансанд төсвийн мэдээллээ бүрэн байршуулахгүй байгааг дахин онцлов.
Тухайлбал, жилийн төсвийн талаарх мэдээллийг 515 байгууллага буюу 10.6, төсвийн гүйцэтгэлийг 212 байгууллага буюу 4.4, дараа жилийн төсвийн төслийг 1058 байгууллага буюу 22.1, хагас жилийн санхүүгийн тайланг 612 байгууллага буюу 13.8, бүтэн жилийн санхүүгийн тайланг 897 байгууллага буюу 20.8 хувь нь мэдээлээгүй аж. Шилэн дансны тухай хуульд заасанчлан тухайн жилийн төсвийн талаарх мэдээллээ ондоо багтаагаад нэг удаа олон нийтэд хүргэж чадахгүй байгаа албан тушаалтнууд олон улсын байгууллагын зөвлөсөнчлөн хагас жил тутам төсвийн мэдээлэлд дүгнэлт хийж, тайлагнана гэдэг нь хол сонсогдож байна. Юутай ч Үндэсний аудитын газраас эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил арилгуулах албан шаардлага хүргүүлсэн гэнэ. Мөн “Монгол тамга”, “онгол, Кувейтийн байгаль хамгаалах төв ТӨҮГ шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд огт мэдээлэл оруулаагүй тул сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хаяглажээ.
“Төрөөс тэрбумтнууд төрж байна” гэлцдэг. Төр мөнгөө “дотроосоо” алдаад байна хэмээх нь ч бий. Тэгэхээр өдгөө дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй Шилэн дансны тухай хуулийг ингэж хангалтгүй мөрдөж буй нь уг хуулийг биелүүлэх хүсэл эрмэлзэл төрийнхөнд байдаггүйг илтгэнэ. Төрийн зарим албан хаагч, эрх бүхий тушаалтны татвар төлөгчдийн мөнгөнөөс шууд болон шууд бусаар хулгайлж буй үйлдлээ нуухын тулд төсвийн талаарх мэдээллийг аль болох хаалттай, дутуу, ойлгомжгүй байлгах нь гарцаагүй биз. Энэ нь Монголын төрийн данс шил мэт тунгалаг буй, эсэхийг ажиглах хараа, хяналт хангалтгүй байна гэсэн үг. Хуульд заасны дагуу Шилэн дансны үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавих үүрэгтэй бүх шатны ИТХ, ИНХ “ажлаа хийхгүй” буйг аудитын байгууллага дүгнэлтдээ онцолжээ. Тодруулбал, Аймаг, нийслэлийн ИТХ-аас тавьсан хөндлөнгийн хяналтыг 36.4 хувиар үнэлсэн бол ИНХ-аас уг хуулийн хэрэгжилтэд хяналт тавиагүй хэмээн дүгнэжээ.
Хамгийн хачирхалтай нь, төрийн аудитын байгууллагын тайлан хийгээд олон улсын байгууллагын судалгаагаар төсөв ил тод бус байгаа нь батлагдсаар атал манай иргэд, олон нийтээс огтхон ч гомдол тавихгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн хэрэгжилтийн явц, шилэн дансны мэдээллийн зөрчил, дутагдлын талаар байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн тухай нэг ч баримт алга. Энэ нь Шилэн дансны тухай хуулийг иргэд мэддэггүй, улсын төсвийн талаар сайн, муугийн алинаар нь ч сонирхохгүй байгаагийн нэгээхэн илрэл. Үүнийг нэг талаас шийдвэр гаргагчид уг хуулийг олон нийтэд сурталчилж, таниулахгүй байх замаар иргэдийн хяналт, оролцоог бууруулж, төсвөөс “хулгай” хийх сонирхолтой холбож болох юм. Гэвч нөгөө талаас иргэдийн идэвх, санаачилга дутагдаж, төр, засгаа тэрүүхэндээ муулж суух муйхар хандлага давамгайлж буй хэрэг байж мэднэ.
Юутай ч 2015 онд Шилэн дансны тухай хуультай болсон атал төсвийн ил тод байдлын үзүүлэлт буурч буйтай маргашгүй нь. Төрийн аудитын байгууллага жил бүр муу дүнтэй тайлан гаргаж, Засгийн газарт зөвлөмж, шаардлага хүргүүлсээр дахин хэдэн оныг үдэх бол. Үндэсний аудитын газраас сүүлд гаргасан тайлангийн хамт Ерөнхий сайдад нэгэн зөвлөмж хүргүүлснийг энд тэмдэглэе. Тэд Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй аж ахуйн нэгж, байгууллагуудтай Засгийн газар хамтран ажиллах гэрээ байгуулахдаа хуульд заасан мэдээллийг цахим хуудсанд бүрэн байршуулах үүргийг тусгаж, биелэлтээр нь төсвөөс санхүүжилт олгох хувилбар дэвшүүлсэн байна лээ. Ядаж үүнийг хэрэгжүүлбэл яасан юм бэ, Ерөнхий сайд аа.
Эх сурвалж: