-КИЛОГРАММ НЬ 4000 ТӨГРӨГ БАЙСАН ӨРГӨСТ ХЭМХ
12 МЯНГА ХҮРНЭ ГЭВ ҮҮ-
Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болоход 10 гаруйхан хоног үлдлээ. Идэр есийн хүйтэн жавар, цагаан сар, шатахууны үнийн өсөлт иргэдийг ёстой л нэг туйлдуулж байна. Цагаан сарын баяр дөхөх тусам өргөн хэрэглээний барааны үнэ томоохон худалдааны төвүүдэд огцом өсч, ченжүүдийн оргил үе эхэлдэг. Сүүлийн хэдэн жилд бараг л ченж гэх шинэ мэргэжил бий болсон гэхэд нэг их дэгсдүүлсэн болохгүй болов уу.
Элдэв баяр наадам болохоор л ченжүүд иргэдэд аманд орсон тоогоо хэлж, бараагаа хэд дахин нугалан зарж халаасаа нэг сайн түнтийлгэдэг. Сар шинийн гол бүтээгдэхүүн болсон ууц, цагаан идээ, сүү, айраг, чихэр, хэвийн боов гээд бүгд тэдний гараар орж дамлагдана. Зунжин хурааж хадгалсан цагаан идээгээ цагаан сараар айл саахалтын хүмүүсийн гарыг цайлгах бэлэг болгох гэж хот руу ирдэг малчдаас барааг нь хямдхан үнээр худалдаж аваад, нийслэлийн иргэдэд хэд нугалсан үнээр зарна. Өөрсдөө малгүй, захиад авчруулах боломжгүй хотынхон ченжүүдийн хэлсэн үнээр худалдаж авахаас өөр аргагүй юм.
“Барс-2” худалдааны төвийн ченжүүдийн ярьж байгаагаар жимс, жимсгэнэ, нарийн ногооны үнэ аль хэдийнэ нэмэгджээ. Хагас сайн өдөр 4000 төгрөгийн үнэтэй байсан өргөст хэмх бүтэн сайн өдөр 500 төгрөгөөр нэмэгдсэн удахгүй 12 мянга хүрнэ гээд хэнэг ч үгүй урдаас хариулна.
Жилийн жилд бүтүүний урд өдөр өргөст хэмх хамгийн үнэд хүрдэг бүтээгдэхүүний тоонд зүй ёсоор ордог. Өнгөрсөн жил нэг танил маань битүүний өдөр тус худалдааны төвөөс өргөст хэмх авах гээд зогсож байтал нэгэн худалдагч хүүхэн “Хиам, өргөст хэмхийнхээ үнийг нэмээрэй” гэж орилоход л нэг кг нь 10 мянган төгрөгөөр зарагдаж байсан өргөст хэмх 15 мянга болсон гэдэг.
Ченжүүдийн ярьж байгаагаар ирэх амралтын өдрөөр бүх хүнсний ногоо, махны үнэ нэмэгдэх аж. “Хархорин” худалдааны төвд хоёр долоо хоногийн өмнө хамгийн хямдхан хонины ууц 150 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр 200 мянгад л жижигхэн төлөгний ууц авна. Мөн үхрийн өвчүү 150 мянган төгрөгөөс буухгүй.
-ЦАГААН САРЫН ГОЁЛ БУЮУ ҮНЭД ХҮРСЭН ДЭЭЛ-
Сар шинэ дөхөхөөр хөдөлгөөнд ордог өөр нэгэн төрлийн бизнес эрхлэгчид бол зэс, мөнгөн аяга, хаш чулуун хөөрөг үйлдвэрлэж дамнуулж зардаг ченжүүд. Уламжлал сэргэж, хэрэглээ нэмэгдсэн энэ үед үндэснийхээ баяраар уламжлалт зүйлээ хэрэглэх гэсэн иргэдийг боловсон аргаар “шулж” байгаа юм. Ялангуяа хөдөөнийхөн ихээр зорьдог захуудад энэ наймаа жинхэнэ утгаараа цэцэглэдэг. Үүнийг нь гярхай ажигласан урд хөршийн чулууны ченжүүд ур хийц муутай чулуун хөөргүүд урлаж монголчуудад шахдаг.
Эцэст нь хөндөх бас нэг асуудал бол Цагаан сарын гоёл буюу үнэд хүрсэн дээл. Сар шинээр манайханд дээл, бүс, малгай тэргүүтэн хамгийн чухал. Багадаа л сая төгрөгийн үнэтэй дээлээр хосоороо гангарч, булган малгайгаа духдуулж аваад л шинэлнэ дээ.
Нэгдүгээр сарын эхэн үед “Нарантуул” зах дээр дан тэрлэг 120 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өчигдөр буюу хоёрдугаар сарын 4-ний өдөр үнийн судалгаа хийхэд 200 мянган төгрөг, хос дээл 250-300 мянга, булган эмжээртэй дээл 240-350 мянга болж өсчээ. Энэ мэтээр дээл, малгай, гутлын үнэ хамгийн багадаа 30 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Уламжлалаа бодоод дээл худалдаж аваад өмсье гэхээр үнэ нь дийлдэхгүй, оёулаад өмсъе гэхээр материал нь үнэд орчихсон байна гэх олон иргэнтэй тааралдав. Иргэд сар шинийн баяр гээд байдгаа барна. Гэвч тун удахгүй мартын найман, цэргийн баяр болно, дахиад л хямрал, үнийн хөөрөгдөл…
Эх сурвалж: http://www.medee.mn/main.php?eid=103131