Нийслэлийн хэмжээнд энэ сарын 29-ний байдлаар, амбулаторийн 64.407 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 2605 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.8 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага байна. Нийт өвчлөгсдийн 37.3 хувийг 0-1 нас, 27.6 хувийг 2-4 нас, 14.1 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 783 дуудлага ирснээс 30.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 29-ны байдлаар, 2084 орон дээр 1881 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтөний 90 буюу 53.3 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.