Умард Ирландын Антрим хэмээх мужийн иргэн Мэй Этченсонд гэрийнхээ загварыг нэхэж үзэх гайхалтай санаа төржээ. Яагаад болохгүй гэж? Энэ эмэгтэй юм нэхэр маш их дуртай болохоор сонирхолтой төслөө эхлүүлсэн байна. Харин энэ нь зөвхөн эхлэл байлаа. Мэй найзууддаа нэхсэн байшингаа үзүүлж, яаж нэхсэн тухай тодорхой ярьж өгчээ. Үүний дараа эмэгтэйчүүд цааш ахихаар шийдэж, хамтын хүчээр амьдардаг Клохмиллз тосгоноо бүтнээр нь нэхэж дуусгасан байна. Тосгоныхоо эргэн тойрон, орчныг бүрдүүлэхдээ бага зэрэг өвөрмөц санаагаа ч шигтгэж чаджээ.
Нэхмэл тосгон бүтээх ажилд тосгоны 49-89 насны 35 эмэгтэй оролцсон гэнэ. Энд шуудангийн хэсэг, уушийн газар, дэлгүүр, түүнчлэн цамц үйлдвэрлэдэг хуучин үйлдвэр, маалингын тээрэм, хажуугаар нь ургасан модод гээд бүгдийг нь урлажээ.
Тэдний хамтын нөр их хөдөлмөрийг 1,5 мянган хүн үзсэн байна. Энэ тосгон ердөө л 1000 хүн амтай гэж тооцохоор маш их тоо. Нэхмэл урлалчид энэхүү бүтээлээрээ 3000 фунт стерлинг цуглуулж, “Macmillan Cancer Support” хэмээх хорт хавдартай тэмцэх байгууллагад хандивлахаар төлөвлөж байна.