Саудын Арабын Вант улсын засаг захиргаа авлигын хэргээр саатуулсан бүх хунтайж, өндөр албан тушаалтныг сулласан тухай мэдээллийг “Reuters” агентлаг гаргажээ. Тэднийг Эр-Риядын таван одтой “Ritz Carlton” зочид буудалд хоёр сарын турш хорьсон юм.
“Одоо “Ritz Carlton” зочид буудалд авлигатай тэмцэх хэргээр шалгагдаж байгаа нэг ч хүн байхгүй” хэмээн эх сурвалж мэдээлсэн байна. Саудын Арабын угсаа залгамжлагч хунтайж Мухаммад бин Салман Аль Сауд тэргүүтэй Авлигатай тэмцэх дээд хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хааны гэр бүлийн гишүүн, хуучин сайд нар, цэргийнхэн, бизнес эрхлэгчид нийлсэн 40 орчим өндөр албан тушаалын хүнийг баривчлан хорьсон билээ. Авлигатай тэмцэх ажлын хүрээнд нийт 350 хүнийг Ritz Carlton зочид буудалд саатуулсан байдаг.