Б.Яруу
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ сурлага, авьяас билэгээрээ тэргүүлээсэй гэж хүсдэг байх. Сургууль нь дүнгээр шахаж, томоотой бай гэж зандарч эцэг эх нь заавал онц дүнтэй суралц, бусдаас дутахгүй сайхан амьдрахын тулд хичээх хэрэгтэй гээд дуртай дургүй түмэн янзын дугуйланд явуулж, хөгжим бүжигт сонирхолгүй хүүхдээбүжиг хий, балетьчин бол гэнэ.
Хүүхэд нь солгой хоолойтой байхад л дуучин болгоно гэж дууны ангид явуулна. Батын хүүхэд тийм авьяастай, Хүрлээгийн хүүхэд алтан медаль авсан байхад өөрийгөө хар гэж шахна. Хүүхэд бүр онц сурлагатан болж бусдыгаа тэргүүлэх алба байхгүй, ирээдүйд хүүхэд бүр агуу хүн болдоггүй.
Хүн бүр агуу хүн болж, цагаан гартан болчихвол хэн мал хариулж, монгол ахуйгаа авч үлдэж, ханзарч эвдэрсэн гутлыг янзалж, цагаан идээг хэн боловсруулах вэ гэдгийг бодох л асуудал. Гэхдээ хүүхдэдээ боловсрол олго гэсэн үг биш. Ерөөсөө л хүүхдээ сонсдог болъё. Авьяас сонирхолыг нь хүндэлье.
Манай дунд сургуулийн хичээлийн программ яг л ял шиг байдаг. Өдөржин хичээлээр дарамтлуулж ирээд даалгавраас толгой өндийхгүй. Энэ хооронд хүүхдээ элдэх элдэв дугуйлан секцэнд шахна. Хүүхдүүдээ бид бага залууд нь тоглож наадахад нь цаг гаргаж өгөхгүй бол өөр хэзээ тоглох вэ? Сүүлийн үед хүүхдүүд амрах тоглох завгүй л харагддаг болж. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагч ээжтэйгээ утсаар ярихыг сонсов. Тэр хүү ” Хичээл 12:45 цагт тарсан. Одоо шатрын дугуйландаа явлаа. 14:30-аас тараад зургийн ангидаа сууна…” гэх зэрэг ярихыг нь сонсч таарсан миний хувьд энэ хүүхдэд ядахнаа ганц цаг найзуудтайгаа чөлөөт цагаа өнгөрөөх зав ч гарахгүй юм байна гэж бодогдож билээ.
Хүүхдээ найз нөхөдтэйгээ дэмий сэлгүүцэж байна гээд гэрт хорьж, зэмлэхийн оронд хүн болж төлөвшихөд нь нөхөрлөл чухал нөлөө үзүүлдэг гэдгийг бид бодолцох хэрэгтэй. Хүн чанаргүй, дурсамж үгүй, дэггүйтэх ч эрхгүй хүүхдээ бид робот шиг болоосой гэж хүсдэггүй л байлтай.
Бяр чадлын ундрага тул
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул
Тоглож наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Мөргөж сүсэглэхэд цаг гарга
Оюун ухаан дундаршгүй тул
Уншиж мэдэхэд цаг гарга
Хүүхдийн сэтгэл эмзэг тул
Хүлээж сонсоход цаг гарга
Хөгшид бүхэн энэрэлтэй тул
Хүндлэн хайрлахад цаг гарга
Ариун хишиг бурханых тул
Хайр сэтгэлдээ цаг гарга
Аз жаргалын харгуй тул
Найз нөхөртөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул
Инээж баясахад цаг гарга
Зүдрэх цагт ээлтэй тул
Өглөг хишгийн цаг гарга
Хөлс болгон шагналтай тул
Ажил хөдөлмөрт цаг гарга
Хүрэх диваажин нэхэлтэй тул
Буян хураахад цаг гарга!
1 comment
хоригдлууд тухайн өдрийнхөө ажлыг ялаа хийх гэдэг шиг хүүхдүүдийн дунд ч хэт их залхаасан даалгаврыг ялаа хийх гээд нэрлэх цаг ойрхон байна