Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, Монгол БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг аж.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хэд хэдэн төслүүдийг боловсруулсан байна.

БНСУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРААС 700 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВНА

Мөн өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-ийн зээл нь БНСУ-ын Засгийн газраас тус улсын аж ахуйн нэгжийг дэмжин олгодог экспортын зээл бөгөөд манай улсад хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Үүнтэй холбогдон зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгч болон зөвлөх компани нь Солонгос Улсын аж ахуйн нэгж байдаг аж.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг дор дурдсан нөхцөлтэйгөөр авахаар болж байгаа бөгөөд энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж, 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

  • Зээлийн хүү: 0.2 хувь
  • Зээл эргэн төлөх хугацаа: 30 жил
  • Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 10 жил

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа агаад хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батлуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн