Монголд уналт таталтын өвчтэй буюу эпилепситэй хүмүүсийн ихэнхийг залуучууд эзэлж байна. Тэдний 70-80 хувь нь 20 наснаас доош хүн амыг хамардаг гэсэн судалгаа гарчээ. Ийм өвчтэй хүмүүсийн 30-70 хувь нь таталтын эсрэг эм уудаг ч таталт бүрэн зогсдоггүй аж. Тэдний ихэнх нь лам, бөөгөөр явж цаг хугацаагаа алдаж, өвчнөө хүндрүүлж буй талаар Монголын Нервологийн нийгэмлэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн холбооноос мэдээлж байсан юм. Энэ өвчин нь тархины гэмтлээс болдог байна. Багадаа мориноос унах, авто осолд орох, мөсөн дээр хальтрах, төрөхийн гэмтлээс үүддэг бөгөөд Манай улсын нийт эпилепси буюу уналт таталтын өвчтэй хүмүүсийн 69 хувь нь ажлаас халагдсан гэсэн судалгаа гарчээ.
ТДэлхийн хүн амын нэг хувь энэ өвчнөөр өвчилдөг бол өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 25 мянга гаруй эпилепситэй иргэн байдаг юм байна. Ийм өвчтэй хүмүүсийг нийгмээс ялгаварлан гадуурхаж буйг эмч мэргэжилтнүүд тодотгов.
“Өнө-Энх” мэдрэлийн эмнэлгийн их эмч М.Үүрийнтуяа хэлэхдээ энэ хүмүүс нь жирийн л ажиллаж амьдрах чадвартай байдаг. Гэтэл ажлын байран дээр татсан учраас ажлаас нь халдаг гэж байв. Мөн цэцэрлэг сургуулийн багш нар таталт өгч байгаа хүүхдийг энгийн бус сургуульд сургахыг эцэг эхчүүдэд зөвлөдөг нь нийгмийн буруу хандлага аж.
Энэ өвчинөөр өвдсөн тохиолдолд хаана ч таталт өгч болзошгүй байдаг юм байна. Тиймээс ойр орчимд байгаа хүмүүс сандралгүйгээр толгойд нь зөөлөн юм эвэх, аюулгүй зай талбай ихтэй газар байрлуулах, хувцсыг нь хөнгөлөх гэх мэт анхны тусламж үзүүлэх хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөлөө. Дашрамд дурдахад, удахгүй болох Олон улсын эпилепсийн өдрийг тохиолдуулан манай улс “Эмч-өвчтөн-гэр бүл” гэсэн гурвалсан уулзалт хэлбэрээр энэ сарын 25-нд ШУГТЭ-ийн хурлын зааланд зохион байгуулахаар болжээ.
Б.ЯРУУ