Дархадын Улаан Хуулар овгийн зайран Т.Ангарын санаачлагаар “Балар эртний цадиг” үзэсгэлэн өнөөдөр Үлэг Гүрвэлийн төв музейд нээлтээ хийлээ. Монголд анх удаа улс, аймгийн чанартай музей болон хувийн музейгээс бөөгийн хувцас хэрэглэлийг цуглуулж энэхүү үзэсгэлэнг дэлгэн олон түмэнд толилуулж байна. Үзэсгэлэнд Монгол түмний биет өв буюу монголчуудын өөрсдийнх нь бишрэл шүтлэг болсон бөө мөргөл, тэдний эдлэл хэрэглэл, хувцас хунар, хэнгэргийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Дархадын Улаан Хуулар овгийн зайран Т.Ангар нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод хандаж “Хүнд түүхийн нухцааг хүнд бэрхээр давсан бөө нарын хувцас дэлгэгдсэн. Жишээ нь:Үзэсгэлэнд дэлгэгдсэн жижиг хэнгэрэг та бүхний сонирхлыг татаж байгаа байх.

Манжийн дарангуйллын үед бөө мөргөл хавчигдаж байсан. Тийм болохоор өөрсдийнхөө хэнгэргээ хүртэл авч явахад хялбар аргаар хийж байсныг харуулж байгаа.100-200 жилийн настай эд эдлэл дэлгэгдсэн” гэдгийг онцлон хэлсэн юм.

Үзэсгэлэнг Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам /БСШУСЯ/, Үлэг Гүрвэлийн Төв музей, Дэлхийн нүүдэлчдийн язгууртан Оюун Ухааны академи,Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний музей хамтран гаргаж байгаа аж.

“Балар эртний цадиг” үзэсгэлэнд дэлгэгдсэн бөөгийн хувцас хэрэглэл дотроос 1850-1935 оны хооронд амьдарч байсан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харьяат Халх зайран Б.Очирын эдэлж хэрэглэж байсан бөөгийн хувцас, эдлэл хэрэглэл болон Дархад, Алтайн тува удган, Халх удган, Сартуул зайран,Буриад зайран нарын эд эдлэл хувцас хунар хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байлаа.

Үзэсгэлэнг санаачлагч Дархадын Улаан Хуулар овгийн зайран Т.Ангараас дараах зүйлийг тодрууллаа.

-Үзэсгэлэнд хичнээн бөөгийн хувцас, эд эдлэл дэлгэгдсэн байна вэ?

-Монголын хамгийн анхны бөө мөргөлийн үзэсгэлэн дэлгэгдэж байна. Урьд өмнө нь ийм үзэсгэлэн дэлгэгдэж байгаагүй, энэ бол анх удаа зохион байгуулагдаж байгаагаар онцлог. Үзэсгэлэнгийн гол санаа нь Монголын бөө мөргөлийг олон нийтэд таниулан сурталчлах. Биет өв буюу эртний бөөгийн эдлэл хэрэглэл, цан хэнгэргийг дэлгэн үзүүлж байна.

“Балар эртний цадиг” үзэсгэлэнд нийт найман газраас ирсэн 11 хувцас, эд хэрэгсэл байгаа. Монголын Үндэсний музейгээс гэхэд дөрвөн дээл ирсэн. Тухайлбал, Төв аймаг, Говь-Алтай, Завхан, Хэнтий зэрэг аймгуудын музейгээс авчирсан хувцас, эд эдлэл дэлгэгдэж байна.

-“Балар эртний цадиг ” үзэсгэлэнд эрт дээр үед амьдарч байсан бөө нарын эд эдлэл дэлгэгдсэн харагдаж байна. Хэдээс хэддүгээр зууны үеийн эд өлгийн зүйлс тавигдсан бэ?

-18-20-р зууны эдлэл хэрэглэл тавигдсан. Зарим эд эдлэлийн он цаг нь тодорхойгүй байгаа. Зайран, удган хүний эд эдлэлүүд байгаа л даа.

-Та сая нээлтийн үеэр Манжийн дарангуйллын үед амьдарч байсан бөө нарын эд эдлэл, хувцас хунар дэлгэгдэж байгаа гэж хэллээ. Тэгвэл тухайн үед амьдарч байсан нийт хэчнээн бөөгийн эд эдлэл дэлгэгдсэн байгаа вэ?

-Манжийн дарангуйллын үед амьдарч байсан гурван бөөгийн дээл дэлгэгдсэн.

-Үзэсгэлэнд дэлгэгдсэн эд эдлэл, хувцас хунарыг хэдэн сарын хугацаанд цуглуулсан вэ?

-Дөрвөн сарын хугацаанд 30 гаруй хүмүүсийн хүч хөдөлмөрийн үр дүнд үзэсгэлэн маань дэлгэгдэж байна.

“Балар эртний цадиг” үзэсгэлэн долдугаар сарын 19-нээс наймдугаар сарын 20-нийг хүртэл Үлэг Гүрвэлийн музейн бага танхимд үргэлжилнэ.

 

Эх сурвалж: ugluu.mn

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн