Замын цагдаагийн албанд ирсэн авто ослын дуудлага өмнөх амралтын өдөртэй харьцуулхад 1.8 хувиар өсчээ. Энэ сарын 18-19-нд шуурхай албаны утсанд 512 дуудлага ирсэн байна. Өнгөрсөн амралтын өдөр гэхэд л авто ослын улмаас 20 хүн хүнд хөнгөн бэртэж, найман явган зорчигч бэртжээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд T.Prius маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Subaru Impreza маркийн автомашинтай мөргөлдөж, зорчиж явсан 1-8 насны таван хүүхэд гэмтсэн байна. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг Их дэлгүүрийн зүүн замд амины T.Vitz маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч арван настай Б-г мөргөж гэмтээсэн байна. Цагдаа нар согтуугаар жолоо барьсан 146 иргэнийг саатуулсан байна.