Энэ сарын гуравдугаар сарын 23-26-нд Монголын геологи, хайгуулын салбарын ес дэх удаагийн чуулга уулзалт болох гэж байна. Уулзалтад гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газрууд, орон нутгийн удирдлага, аймгийн засаг дарга, байгаль орчны улсын байцаагч мэргэжилтнүүд ирж оролцох гэнэ.
Уулзалт дээр Засгийн газраас батлагдсан “Алт-II” хөтөлбөр яригдах аж. Засгийн газар 2020 он гэхэд алт олборлолтыг 25 тонн-д хүргэх зорилт тавьсан байгаа. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлыг сэргээх, ялангуяа геологи уул уурхайн төслүүдийг хэрэгжүүлэх асуудлууд хөндөгдөх юм байна.
Мөн Монголбанк, Сангийн яам, БОАЖЯ зэрэг нь нэгдсэн маягаар уулзалт зохион байгуулж, алтны олборлолтыг дэмжих, улсын төсвийн хөрөнгөөр алтны нөөц байж болох зарим талбайг сонгох, сонгон шалгаруулалт зарлах ажлыг хийнэ гэж УУХҮЯ-ныхан тайлбарлаж байна.
Энэ үеэр мөн хөрөнгө оруулалтын орчны талаар болоод хууль эрхзүй, төрийн бодлогын талаар хэлэлцүүлэг болж, уулзалтын оролцогчдын санал дүгнэлтийг үндэслэж зөвлөмж гарган холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх, цаашлаад хууль эрхзүйн акт, шийдвэрт тусгах ажлыг зохион байгуулах аж. Түүнчлэн ШУТИС дээр “Эрэл, хайгуулын геохимийн судалгааны аргууд”, “Нүүрсний давхаргын метан хий”, “Эрэл, хайгуулын геофизикийн судалгааны аргууд” сэдвээр сургалт явагдах аж.