Соёлын төв өргөөнд өчигдөр “Газрын харилцаа олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” болж өнгөрлөө. Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрынхан оролцсон юм.
Мөн НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр болон Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар оролцож, иргэдийн ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн. Эрх баригчид 2017 оны ажлын тайлан, энэ онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.
Оройн 17:00 цаг хүртэл үргэлжилсэн тус хэлэлцүүлэгт оролцсон иргэд газартай холбоотой санал, гомдлоо хэлж, хүссэн хариултаа авах боломжийг олгосноороо онцлог байв. Энд хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь газраа булаалгасан, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй 2-5 жил хүлээсэн зэрэг асуудлаар ханджээ. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан үг хэлсэн юм.
Тэрбээр “НИТХ-аас санаачлан зохион байгуулж буй өнөөдрийн энэхүү хэлэлцүүлгээс бид хэдэн долоо хоногийн өмнө газрын үйл ажиллагаатай холбоотойгоор иргэдээс санал гомдлыг нь авсан. Энэ хүрээнд иргэд оршин суугчдаас маш олон тооны өргөдөл гомдол ирүүлсэн байна. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж буй гол шалтгаан бол Улаанбаатарчууд бидний амьдралын мөнхийн сэдэв болсон, хотын өмнө тулгамдаад байгаа олон асуудлуудын ул суурь нь болсон газартай холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэх, иргэдээс ирж байгаа санал гомдлыг яаж барагдуулах, эрх ашгийг нь хэрхэн хамгаалах, тэр хэмжээгээр газрын үнэ цэнийг бий болгох асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд ярилцаж, гарц шийдлүүдийг эрж олоход оршиж байгаа гэдгээрээ онцлог.
Өнөөдөр нийслэлд газрын албатай холбоотой үйл ажилллагааг иргэд ихээр шүүмжилдэг. Тиймээс бид цаашид газартай холбоотой үйл ажиллагааг илүү нээлттэй ил тод болгох, иргэд хүссэн мэдээллээ цаг хугацаандаа авдаг, санал хүсэлтийг нь хуулийн хугацааг хүлээхгүйгээр гурав хоног дотор шийдвэрлэдэг болох тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна” гэлээ.
Нийслэлийн газрын алба өнгөрсөн онд 129 байршилд орц, гарц чөлөөлжээ