УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд Ерөнхий сайд утаатай тэмцэх зарим шийдлээ танилцуулсан байна. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Түүний байр суурийг хүргэе.
-Ерөнхий сайд бүлгийн хуралд утаатай тэмцэх талаар ямар шийдэл танилцуулсан бэ?
-Засгийн газраас төвлөрсөн хотуудад ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.
Ирэх оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж буйтай холбогдуулан Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй утаагүй түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс үүнд анхаарлаа хандуулж санал санаачлага гаргаж ажиллавал дэмжих юм байна. Түүнчлэн МАН-ын бүлгийн хуралдаанаар утаа, хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэхийн тулд “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, ажиллахаар боллоо. Богино хугацаанд үр дүнд хүрэх бололцоог эрэлхийлнэ. Энэ аяны хүрээнд эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, хоёрдугаарт, сайжруулсан түлшний хангамжийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих, гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулахад төвлөрч ажиллана. Гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцийг нь шийдээд өгвөл хашаа байшиндаа тав тухтай амьдрах боломжтой гэж иргэд үздэг. Тиймээс Улаанбаатарт дэд бүтцийн бичил төвүүдтэй болох санхүүжилтийг шийднэ. Мөн дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах тулд агаарын чанарыг сайжруулах бүсийг тодорхойлж орон сууцны зээлд хамруулах санал оруулж байна.
-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг юунд зарцуулах вэ?
-БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зарцуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн. Аль болох хямд, метр кв нь хэт томгүй байх зарчим баримтална. Гэхдээ ирэх гуравдугаар сард Солонгосын талын төлөөлөгчид Монголд ирж ажиллана. Тухайн үед асуудал тодорхой болно.
-Зуух тараагаад утаа буурсангүй гэдгийг бүх түвшинд шүүмжилж байна. Үргэлжлүүлээд зуух тараах уу?
-Агаарын бохирдол буурахгүй байгаа шалтгааныг өмнөх төслүүдийн ач холбогдолтой холбон тайлбарлаж байгаа. Өмнөх төслүүдийн нэг болох бүхэлдээ зуух тараасан нь огт үр дүнгүй ажил байгаагүй гэдгийг гишүүд бүлгийн хуралдааны үеэр хэлж байсан. Дахин зуух тараах уу, болих уу гэдэг асуудлыг нарийвчлан судалж үзнэ. Түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлшний асуудлыг бүлгийн гишүүд дэмжлээ. Сайжруулсан түлш үйлдвэрлэх компаниудтай нэг стандарт ярьж тогтоно
-Сайжруулсан түлш тараах ажил танил талтай нэгнийх нь хувийн бизнесийг дэмжсэн ажил болохвий гэсэн болгоомжлол байна. Энэ талд ямар байр суурьтай байна вэ?
-Сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооно гэж ярьж байгаа. Сайн чанарын түлш үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлж байгаа. 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Солонгосын талтай ярилцсан. Сайжруулсан түлш хэн нэгний хувийн бизнес болох вий гэсэн болгоомжлол байгааг ойлгож байна. МАН өмнөх гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж ярьсан.Тиймээс сайжруулсан түлшний асуудал бизнес болохгүй гэж ойлгож болно.
-Татвар нэмэгдсэнтэй холбоотой асуудлыг ОУВС-тай ярилцахаар болсон уу?
-Энэ сарын 25-нд Олон улсын валютын сангийнхан ирнэ. Тэдэнтэй энэ чиглэлээр ярилцана.
-Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэллээ. Бүлгийн хурал дээр ярилцах уу?
-Засгийн газрыг огцруулах асуудлыг АН тавих эсэх нь тэдний эрх. МАН-ын бүлэг бол аль болох тогтвортой ажиллуулахад анхаарч ажиллана. Мөн Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хаврын чуулганаас өмнө бүлгүүдэд танилцуулж намрын чуулганд хэлэлцүүлэх чиглэлд ажиллана. Гэхдээ тодорхой тогтсон зүйл алга.
-Шатахууны хомсдол үүссэн хэвээрээ байна. Цаашид урт хугацаандаа шатахууны хомсдол, үнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Засгийн газар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. Ялангуяа А80, Ай92 бензиний үнийг нэмэхгүй, Дизель түлш, АИ 95, АИ 98 дээр нэмэгдэл өгөөд явахад тохиролцсон байна. Шатахууны 45 хоногийн нөөц бий. Шатахууны импортлогчид, Засгийн газар хоорондын асуудал бий байх. Санаатай болон санамсаргүй байдлаар шатахууны нөөц дууссан байдлаар хандаж байгааг Засгийн газарт анхааруулсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин