Ирландын “The Cranberries” хамтлагийн гоцлол дуучин Долорес О’Риордан таалал төгссөний дараа тус хамтлагийн цомгийн эрэлт 913350 хувиар өсчээ. Цомгийн өсөлт нь алдарт дуучныг нас барсны дараахан ажиглагдсанаас өөр илүү зүйл огт байгаагүй юм. Майкл Жексоны цомгууд л гэхэд амьдралын сүүлчийн 13 жилийн үеийн борлуулалтыг бодвол нас барснаас нь хойших таван жил хамаагүй ашигтай байгаа билээ. Тэгвэл дуучид нас барсны дараа цомгийн борлуулалт нь хэрхэн нэмэгддэг вэ?
Долорес О’Риордан
Ирландын алдарт “The Cranberries” хамтлагийн гоцлол дуучин, 46 настай Долорес О’Риордан таалал төгсөөд нэг хоног ч болоогүй байтал тус хамтлагийн сүүлчийн цомгийн худалдаа эрс өсчээ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гарсан “Something Else” дискийг нь сонирхох хүмүүсийн тоо 913350 хувиар нэмэгджээ. Тэгвэл “Are You Listening?” бие даасан цомгийнх нь эрэлт 147552 хувиар өссөн байна.
Принс
Америкийн дуучин 2016 оны дөрөвдүгээр сард таалал төгсөхөд АНУ-д түүний бичлэгийн худалдаа тав хоногийн дотор 42000 хувиар нэмэгдсэн юм. Ингээд Принс бичлэгийн худалдаагаараа АНУ-даа хамгийн алдартай дуучин болжээ. Түүний цомог, сингл нэг жилийн хугацаанд 7,7 сая хувь борлуулагдсанаас 5,65 сая нь нас барснаас хойших эхний сард хийгдсэн байна.
Ийнхүү Принс “Forbes”-ийн нас барсан баян алдартнуудын жагсаалд 18 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр долоодугаарт оржээ.
Глен Кэмпбелл
Америкийн кантри дуучин Глен Кэмпбелл 2017 оны дөрөвдүгээр сард таалал төгсөхөд түүний дууны худалдаа дээгүүрт бичигдэж эхэлсэн юм. Түүний нас барсан өдөр цифрэн цомгийнх нь худалдаа 13 мянган хувиар нэмэгджээ.
Честер Беннингтон
“Linkin Park” хамтлагийн гоцлол дуучин Честер Беннингтон 2017 оны долоодугаар сарын 20-нд амиа хорлосон. Тэр өдөр АНУ-д тус хамтлагийн цомгийн худалдаа 5332 хувиар өссөн байдаг. Беннингтоныг амиа хорлохоос өмнө тус хамтлагийн цомог өдөрт 1000 хувь л борлогддог байхад тэрхүү хар өдөр 21 мянган хувь борлогджээ.
Майкл Жексон
Попын хаан Майкл Жексон 2009 оны зургаадугаар сард таалал төгссөнөөс хойш долоо хоногийн хугацаанд АНУ-д түүний гаргасан сингл, цомгууд 5210 гаруй хувиар өсчээ. Дуучин нас барснаас хойш жилийн дараа шинжээчид тооцож үзэхэд хөгжим, DVD-ийн худалдаа, баримтат киноны прокатын орлогынхоо ачаар талийгаач Жексон нэг тэрбум орчим ам.доллар олжээ.
Ингээд дуучин таалал төгссөнөөс хойш таван жил өнгөрөхөд амьдралынхаа сүүлийн 13 жилд гаргасан амжилттайгаа тэнцэхүйц орлого олсон байдаг. Талийгаач Жексон “Forbes” сэтгүүлийн нас барсан хамгийн баян алдартнуудын жагсаалтыг таван жил дараалан тэргүүлж байна. Түүний хөрөнгө 2017 оны байдлаар 75 сая ам.доллар болжээ.
Дэвид Боуи
2016 оны нэгдүгээр сарын 10-нд нас барсан Дэвид Боуигийн цомог, синглийн худалдаа таалал төгссөнөөс нь хойш долоо хоногийн дотор 5019 хувиар өссөн байдаг. Энэ хугацаанд 308 мянган ширхэг цомог, 375 мянган дууг нь заржээ. Нас барахаасаа хоёрхон хоногийн өмнө шинэ цомгоо өлгийдөн авсан талийгаач Боуи 2016 оны турш Их Британид худалдааны хэмжээгээрээ хамгийн алдартай дуучин болж, энэ үзүүлэлтээрээ өрсөлдөгчдөө 40 гаруй хувиар илүүрхэж чаджээ. Хамгийн сүүлийн мэдээгээр дуучин нас барснаас хойш хоёр жил өнгөрсөн хэдий ч Британид түүний таван сая бичлэг зарагдсан байна.
Дэвид Боуи “Forbes” сэтгүүлийн хамгийн баян нас барсан алдартнуудын жагсаалтад 9.5 сая ам.долларын хөрөнгөтэйгөөр 11 дүгээр байрт ордог.
Крис Корнелл
Америкийн дуучин Крис Корнелл талийгаач Беннингтоны дотнын найз байсан. Тэрээр “Linkin Park”-ийн гоцлол дуучныг амиа хорлохоос хэдэн сарын өмнө өөрийгөө егүүтгэжээ. Энэ явдлын дараа түүний цомог, трек ч өсөлттэй гарсан байдаг. Хоёрхон долоо хоногийн дотор түүний цомгийн худалдаа 2396 хувиар нэмэгджээ.