H&M-ийн хар арьст модель хүүгийн гэр бүл Шведээс зугтахад хүрчээ

H&M компанийн “Жунглийн хамгийн мундаг сармагчин” гэсэн бичигтэй цамцыг өмсөж зургаа авахуулсан хар арьст хүүгийн гэр бүл аюулгүй байдалдаа санаа зовж, Стокгольмоос явахаар шийджээ.
Таван настай модель Терри Мангогийн ээжийн ярьснаар H&M компанитай шүүхдэлцэхээс татгалзаж, тус компанийг дэмжсэнээс хойш тэдний гэр бүлийг сүрдүүлэх нь нэмэгдсэн гэнэ. “Би энэ асуудлаар бусад хүмүүсийн санаа бодлыг хүндэтгэж байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл одоо ч байсаар байгаа гэдгийг мэднэ. Гэхдээ тэр цамц арьс өнгөөр ялгаварласан байсан уу гэвэл үгүй” хэмээн эмэгтэй хэлжээ.
ӨАБНУ-ын зүүний радикал “Эдийн засгийн эрх чөлөөний тэмцэгчид” намын идэвхтнүүд Өмнөд Африкийн Йоханнесбург хотод байдаг H&M компанийн дэлгүүрийг сүйтгэснээс хойш хүүгийн гэр бүл Стокгольм хотоо орхих шийдвэр гаргажээ.