Ford цахилгаан машинд 11 тэрбум доллар зарцуулна

Америкийн авто үйлдвэрлэгч “Ford” компани цахилгаан автомашины үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 2022 он гэхэд 11 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ. Энэ талаар өчигдөр (2018.01.16) компанийн удирдлагын хэлтсийн дарга Билл Фордын хэлснээс иш татан “Reuters” агентлаг мэдээллээ.
Энэ хугацаанд 40 загварын автомашин гаргахаар төлөвлөөд байна. Үүнээс 16 нь бүрэн цахилгаан, үлдсэн нь хосолмол хөдөлгүүртэй байх юм.
“Хөрөнгө оруулалтын хэмжээ өмнө нь зарласан зорилт болох 2020 онд 4,5 тэрбум доллар зарцуулна гэснээс хамаагүй их” гэж автоконцерний тэргүүлэгч хэлжээ.
Харин Ford-ын олон улсын үйл ажиллагаа хариуцсан Жеймс Фарлигийн хэлснээр тус авто үйлдвэрлэгч цахилгаан машинаа хэрэглэгчдэд илүү таатай байдлаар хийхээр төлөвлөж байна. Төсөл, судалгаа, боловсруулалтад 2016 онд 7,3 тэрбумыг зарцуулсан бол 2015 онд 6,7 тэрбум доллар зарцуулжээ.