Налайхын нүүрсний уурхай 1995 онд хаагдаснаас хойш 20 гаруй жилийн хугацаанд дүүргийн иргэд, аж ахуйн нэгжүүд уурхайн хаягдал талбайд гар аргаар, хувиараа нүүрс олборлож ирсэн юм. Өнөөдөр уурхайн олборлолт явуулж байгаа хэсэг суурьшлын бүстэйгээ нийлснээс болж иргэдийн амьдрах аюулгүй орчин эвдэгдээд байна. Тиймээс саяхан шийдвэр гаргагчид Налайхын уурхайн амнуудыг хаах шийдвэрийг гаргаад байсан юм.
Өнөөдөр (2017.03.19) Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан болон холбогдох албаныхан Налайх дүүрэгт ажиллаж, тулгамдаж буй асуудалтай нь танилцлаа.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Энд хүн амьдрах аюулгүй байдал алдагдаад байна. Айлуудын хашаан доогуур уурхайн олборлолт явагдаж байна гэсэн үг. Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлага бий. Уурхайг эзэнтэй болгохоос гадна зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл үүсгэж байгааолборлолтыг даруй зогсоох шаардлагатай” гэсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж “Энэ хэсэгт тусгай зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа эрхэлж байгаа 31 аж ахуйн нэгж байна. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжүүд хангалттай үйл ажиллагаа явуулж байна уу гэвэл учир дутагдалтай. Учир нь 2017 онд уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулсан нэг ч газар байхгүй. 2016 онд гэхэд нэг л бий. Мөн ТЭЗҮ боловсруулсан хоёр аж ахуйн нэгж байгаа. Харин хууль бусаар 150 гаруй ам гаргасан байна. Салбарын яамны зүгээс тусгай зөвшөөрлийн энэ асуудалд нь шийдэл гаргаж өгөх, зохих шалгууруудыг хангуулна” гэв.