Хойд Солонгосын хүүхдүүдийн 10 ялгаа

Хойд солонгосчуудын өдөр тутмын амьдрал олны нүднээс далд байдаг хэдий ч заримдаа төмөр хөшиг нээгдэж, бид насанд хүрэгчдийг нь хэрхэн ажиллаж, амьдардаг тухай мэдээлэл олж авдаг билээ. Харин бага насны хүүхдүүдийнх нь амьдралын талаар мэдээлэл тун бага байдаг болохоор тэдний хүүхдүүд биднийхээс хэр ялгаатай талаар мэддэггүй.
Тэгвэл дэлхийн хамгийн хаалттай улсын хүүхдүүдийн амьдралын талаар сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
Шинээр мэндэлсэн хүүхдийн хамгийн түрүүнд авдаг зүйл бол нийгмийн статус буюу сонбун. Ийнхүү төрөөс дөнгөж төрсөн хүүхдийг ямар бүлэгт хамаарахыг шууд заадаг. Сонбун нь эцгээс дамжих бөгөөд хүүхэд хаана сурах, ямар их сургуульд орох, Хөдөлмөрийн намын гишүүн болж чадах эсэхийг тодорхойлдог.
Цэцэрлэгээс боловсрол эхэлдэг. Хүүхдийн 4 наснаас нь эцэг эхийн хүсэлтээр цэцэрлэгт оруулдаг. Харин 5 наснаас заавал эзэмших боловсролын хөтөлбөрийн дагуу цэцэрлэгт зайлшгүй орох үүрэгтэй. Хүүхэд бүр 1-р ангид орохоосоо өмнө нэг жил цэцэрлэгт явсан байх ёстой.
Эцэг эхтэй ч асрамжийн газар амьдардаг. Залуу хосууд хүүхдүүдээ материаллаг байдлаар хангаж чадахгүй байх нь бий. Гэр бүл нь эргүүлж авсан ч энэ шалтгаанаар асрамжийн газарт ирсэн хүүхдүүд ч байдаг.
Дунд сургуульд улсын удирдагчдын намтар, орос хэлний хичээл ордог. Ким Ир Сен, Ким Чен Ир, Ким Чен Уны хувьсгалт үйл хэргийг алдаршуулах хичээл тусдаа ордог. Зөвхөн орос төдийгүй англи хэл ордог бөгөөд гадаадын сурах бичгээс татгалзсанаас болж гадаад хэлийг тун бага түвшинд үздэг байна. 10 жилийн сурагчид бүгд Солонгосын хүүхдийн холбоонд элсдэг бөгөөд энэ үеэс эхлэн улс төр, үзэл суртлын хуралд сууж эхэлдэг.
Хичээл, ангийн үйл ажиллагаанд үзэл суртлын суртал ухуулга хийдэг. Сургуулийн хонгилд суртал ухуулгын плакатууд өлгөөстэй байх бөгөөд сурах бичгүүдэд эх оронч лоозон заавал оруулна. Өглөөний цагаар хүүхдүүд улс төрийн текст бүхий жүжиг тоглож, томоохон баяраар хүүхдийн парад хийдэг. Энд цэргийн дүрэмт хувцас өмссөн сургуулийн сурагчид марш алхаагаар алхаж, картонон пуужинтай машинаар явдаг байна.
Хүүхдүүдийг олны өмнө цаазлах ажиллагаанд авч явдаг. Хойд Солонгосын бяцхан иргэдийг энэхүү аймшигт туршлага алсдаа хэрэг болно, хэвийн, харах ёстой зүйл гэж үздэг. Үүнээс гадна хүүхдүүд заримдаа нууц мэдээнд оролцуулдаг.
Хүүхдэд хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь энгийн зүйл. Сургуулийн сурагчид ургац хурааж, мод хагалж, уулын чулуу бутлах, зөөх ажилд явдаг. Тэр ч бүү хэл барилга дээр ажилладаг байна. Насанд хүрэгчдийн адил хүүхдэд хүртэл “хөдөлмөрийн норм” байдаг бөгөөд үүнийгээ бүрэн биелүүлж чадаагүй бол торгуулдаг.
Цэргийн сэдэвтэй тоглоом тоглодог. Мэдээж дэлгүүрт нь хүүхэлдэй, туулай зэрэг тоглоомууд байдаг ч танк, нисдэг тэрэг, автомат бууны тоглоом илүү олон байдаг. Ийм тоглоом нь бяцхан солонгосчуудыг эх оронч болоход тустай гэж үздэг.
Хүүхдүүд чөлөөт цагаараа сонирхсон дугуйландаа явдаг. Жишээ нь Пхеньяны төвд Сурагчдын ордон байрладаг. Энд компьютер, хөгжим, зургийн дугуйлан байдгаас гадна олон төрлийн спортоор хичээллэж болно. Эндээс л дэлхийн хамгийн том наадам болох “Ариран”-ы оролцогчид төрдөг. Жижиг дүүргүүдэд ч мөн дугуйлан хичээллэдэг. Ихэвчлэн сургуулийн дэргэд дугуйлан явагддаг аж. Хүүхдүүдийн хичээл зүтгэлийн үр дүнд гоёмсог, алдаа дутагдалгүй тайлан тоглолт хийдэг.
Хүүхдүүдийг зугаацуулах газар санаснаас ч олон. Хүүхдүүд мөнгөтэй бол 3D кино үзэж, амьтны хүрээлэн, далайн парк, цэнгэлдэх хүрээлэнд орох боломжтой. Харин мөнгөгүй бол зурагтаар хүүхэлдэйн кино үзэж болох бөгөөд ихэвчлэн солонгос хүүхэлдэйн кино гарна. Хүүхдүүдийг өнгө өнгийн зураг чимэглэл, хөгжим, амттанаар баярлуулсан наадмууд их болдог.
Ерөнхийдөө Хойд Солонгост ч гэсэн хүүхэд гэдэг адилхан л хүүхэд юм болохоор хэчнээн хүнд хэцүү цагт ч тэд хөгжилтэй, баяр баясгалантай байж чаддаг билээ.