Данид шинэ жилийн нэгэн согтуу паян өрнөжээ. Гэмт хэрэг үйлдээгүй ч гол дүрийн баатар нь багагүй зарлага гаргасан байна. Норвегийн “Norsk Rikskringkasting” хэвлэлийн мэдээлснээр 40орчим насны нэгэн согтуу норвеги эр шинэ жилээ тун этгээд маягаар тэмдэглэжээ. Баярын өмнө Данийн нийслэл Копенгагенд ирсэн тэрбээр согтуурхаж, төрөлх эх орон Норвеги руугаа буцахаар шулуудаж гэнэ. Ингээд такси дуудаж, жолоочийг нь Осло хот руу шууд хүргэж өгөхийг шаарджээ.

Сонирхолтой нь таксины жолооч ч элдэв долоон асуулт тавилгүйгээр үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг шууд хүлээн зөвшөөрсөн аж. Ингээд 600 км зайг 6 цагийн дотор туулжээ. Төсөөлөөд үз дээ, яг шинэ жилийн баярын өмнө архи уусан нэг нөхөр, түүнийг хүргэж буй бас нэг нөхөр цастай замаар туучиж, Дани, Швед, Норвегийг дайрч, аяллын төгсгөлд найзууд болсон гээд бодохоор хөгжилтэй түүх мэт.

Харамсалтай нь аяллын төгсгөлд зорчигч таксины жолоочийг мурихаар шийджээ. Өөр улсад ирсэн тул мөнгө төлөхгүй гэж болно гэж бодсон норвеги эр мөнгө олж ирье гээд гэр рүүгээ ороод, эргэж гарч ирсэнгүй. Таксины жолооч ч 6 цагийн аяллын эцэст согтуу танилаа удаан хүлээхгүй байхаар шийдэж, гэрийг нь хайж олоод ортол өнөөх үйлчлүүлэгч нь орон дээрээ гутал, хувцастайгаа хурхирч байх нь тэр.

Жолооч эр Норвегийн цагдаагийн газар руу залгаж, согтуу эрээс 18000 крон буюу 1800 еврогийн төлбөр авах ёстойгоо хэлжээ. Ингээд согтуу эр ч шийтгүүлж, шинэ жилээр таксины жолооч ч мөнгөө аваад буцаж гэнэ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн