Тайландад бэлэг эрхтэн цайруулах моод бий болжээ

Азиуд арьсаа цайруулах дуртай нь хэвийн үзэгдэл. Харин эр бэлэг эрхтнээ цайруулах нь шинэ моод гэнэ.

Тайландад үүссэн энэхүү шинэ үйлчилгээ олон хүнийг гайхашруулж байна. Зарим нь Тайландын гоо сайхны зах зээл тэгтлээ мухардаа юу ч гэж үзэж байгаа юм.

Гадаа ил биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг, ядуу хүмүүс бор байдаг гэдэг ойлголтоос болж азиуд арьсаа цайруулах үйлчилгээ их хийлгэдэг. Харин эр бэлэг эрхтнийг цайруулах үйлчилгээ нь нэлээд шинэлэг юм. Тайландын Эрүүл мэндийн яамнаас ийм төрлийн гоо сайхны мэс заслыг эсэргүүцэж, яаралтай мэдэгдэл хийжээ. Тэгвэл залуучууд юунаас болж энэ үйлчилгээг сонирхож байна вэ?

“Би дотуур өмдтэйгөө өөртөө илүү итгэлтэй байхыг хүссэн” хэмээн энэхүү үйлчилгээг хийлгэсэн 30 настай залуу ярьж байна. Таван шатны эхнийхэд нь хоёр сарын өмнө орсон тэрбээр эрхтнийхээ өнгийг илт өөрчлөгдсөнийг тэмдэглэжээ. Энд бэлэг эрхтэн цайруулах бүтэн курс эмчилгээ 650 долларын өртөгтэй.

Сард 20-30 хүн ханддаг

Энэхүү үйлчилгээг үзүүлдэг “Lelux Hospital” эмнэлгийнхэн “Facebook”-т тавьсан сурталчилгаандаа лазерын тусламжтайгаар арьсны өнгөн давхаргад байдаг меланины пигментийн тоог бууруулдаг гэжээ. Ингэснээр бэлэг эрхтэн цайрдаг аж. Үүнийг нарийвчлан харуулсан гэрэл зураг бүхий пост хоёрхон хоногийн дотор 19 мянга гаруй шэйр авчээ.

Мэдээж хүмүүс энд өөр өөрсдийнхөө сэтгэгдлийг илэрхийлсэн байж таарна. Зарим нь утгагүй үйлчилгээ гэж байхад зарим нь хошигнож, зарим нь гайхаж байх жишээтэй. Харин олон хүн “яах гэж?” гэсэн асуултыг тавьжээ.

Зарим нь цагаан бэлэг эрхтэнтэй хүн түүнийгээ шөнийн цагт гар чийдэн болгон ашиглана ч гэж хошигносон байна. Түүнчлэн нэг бүсгүй хэмжээ, чадавхи нь чухал болохоос өнгө чухал гэдгийг ойлгохгүй байна гэж бичжээ.

Тэгвэл “Lelux Hospital” эмнэлгийн маркетингийн албаны захирал Попол Тансакул эмнэлгээ дөрвөн сарын өмнөөс бэлгийн уруул цайруулах ажиллагаа явуулж эхэлсэн тухай ВВС-д ярьжээ. Энд сар бүр 20-30 эрэгтэй, эмэгтэй ирдэг. Зарим нь Мьянмар, Камбож, Хонконгоос зорьж ирдэг байна.

“Энэ үйлчилгээ нууц хэсэгтээ онцгой анхаарал тавьдаг гей эрчүүд, трансжендерүүдийн дунд алдартай. Тэд бүхий л зүйлээрээ төгс харагдахыг хүсдэг” хэмээн Попул Тансакул өгүүлэв.

Бэлгийн чадавхид нөлөөлөх үү?

Тайландын Эрүүл мэндийн яамнаас хүмүүсийг эрүүл саруул ухаантай байхыг анхааруулсны зэрэгцээ энэ үйлчилгээ нь үрэвсэл, шарх, өвдөлт зэрэг таагүй үр дүн үүсч болзошгүй гэдгийг сануулжээ. Түүнчлэн эрхтнээ цайруулах нь нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нь нөлөөлж, сексдэх ч чадваргүй болгож мэднэ гэж эмч нар анхааруулсан байна.

Тэр ч бүү хэл хэсэг хугацааны дараа арьсны өнгө эргэн хэвэндээ орно. Гэхдээ ийм үйлчилгээнээс болж пигмент нь тэгш бус тархаж, алаг цоог, толботой болно гэж эмч нар мэдэгджээ. “Эр бэлэг эрхтнээ лазераар цайруулах нь хэнд ч хэрэггүй. Энэ бол мөнгөө хий дэмий үрсэн, хүлээснээс илүү таагүй үр дүн авчирсан ажил” гэж Тайландын Эрүүл мэндийн сайд Тонгчай Киратихуттайакорн мэдэгджээ.

Цаг хугацаа өөрчлөгдөж байна

Сүүлийн 10 жилд арьс цайруулах үйлчилгээ нь Зүүн Өмнөд Азид нэлээд түгж байгаа гэнэ. “Lelux Hospital” эмнэлгийнхний мэдээлснээр үйлчлүүлэгчдийнх нь талаас илүү хувь нь энэ үйлчилгээг авдаг байна. Энэ бүсэд цагаан цайвар арьс гэдэг тухайн хүнийг ажилчин ангид хамаарахгүй, талбай дээр ажилладаггүй хүнийг илтгэдэг байна.

Зах зээл дээр ч арьс цайруулах олон тооны гоо сайхны хэрэгслүүд байдаг бөгөөд тэдгээрийн зар сурталчилгаа нь нийгэмд хүчтэй шүүмжлэл дэгдээдэг.

Жишээлбэл цайруулах тосны нэгэн рекламыг Бангкокийн нийтийн тээврийн хэрэгслийн суудал дээр байрлуулахдаа “Энд зөвхөн цагаан хүмүүс л сууна” гэж бичжээ.

Тайландын бас нэгэн гоо сайхны фирм арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй гэгдэх рекламаа татахаас өөр аргагүй болжээ. Уг рекламд нэгэн алдартай жүжигчин бүсгүй нь амжилтынхаа гол нууцыг гэрэлтсэн цагаан арьс гэж мэдэгдсэн байна.

Гэхдээ сүүлийн үед Тайландад арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах нь өмнөх шигээ хурц биш болжээ. 2014 онд л гэхэд “Тайландын мисс” тэмцээний ялагчаар тодорсон бүсгүй бусад өрсөлдөгчөөсөө илүү бор арьстай байсан тухай хэвлэлүүд тэмдэглэж байв. Тэрбээр гоо бүсгүйн тэмцээнд ялснаар бор арьснаасаа болж санаа зовдог бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл өгөхийг хүссэн гэнэ.

Эх сурвалж: ВВС

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн