Шинээр нэмэгдсэн татварт малчин, бөө, дуучин хамаарахгүй

Хүмүүс хөдөлмөрлөж хичээсний үр дүнд амьдрал сайжирна гэж итгэдэг. Гэвч “Олон улсын вальютын сан” гэсэн айхтар сүрхий нэрээр далайлган энэ оноос хэрэгжиж буй долоон төрлийн татвар ерөөсөө л сайн цалин авч болохгүй, сайхан амьдарч болохгүй өөрийгөө хөгжүүлж хичээх хэрэггүй гэсэн утгатай болжээ. Эрх баригчид сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан “цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэсэн сайхан амлалтаа биелүүлэхдээ нөхрийнх нь цалингаас хумслаж эхнэрт нь өгнө гэж хүмүүс төсөөлөө ч үгүй биз. Үнэн чанартаа хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн доголон нулимастай долоон төрлийн татварын хэрэгжилт бодит амьдрал дээр ийм л зүйл болов.
Сайхан амьдрахын тулд хичээхгүйгээр гэртээ хүүхдээ хараад сар бүр тавин мянган төгрөг авчихаад суух нөхцөл үүсэн гэхэд хилсдэхгүй. Эсвэл бөө болж, малаа хариулаад, дуучин болсон нь илүү хичээх шаардлагагүй сайхан амьдарна. Учир нь эдгээр бүлгийн хүмүүст татвар огт хамаарахгүй болохоор тэр. Хүн амынхаа тооноос хэд дахин илүү давсан 60, 70 сая гаруй малтай бэлчээрийн даац хэтэрсэн гэдэг атал малын хөлийн татвар авдаггүй. Эсрэгээр нь малчдын тэтгэврийн насыг урагшлуулав. Гэртээ байгаа нэгэнд нь зүгээр мөнгө өгч, улсдаа ганц ч төгрөг өгдөггүй малчдын тэтгэврийг наашлуулаад сайн хөдөлмөрлөж хичээснийх нь үр дүнд цөөхөн хэдэн татвар төлөгчдийнхөө татварыг нэмэгдүүлж, тэтгэврийн насыг нь уртасгасан хатуу чанд бодлоготой төрийг зөвхөн монголд харах биз ээ.