Ягаан өнгөний бүх төрлийн цуглуулга болсон даашинзуудтай Парис Хилтон энэ удаад сонголтоо өөрчилж, хуримын цагаан даашинз зэхэх хэрэгтэй болсон бололтой. Америкийн алдарт шаргал үст, “Hilton” сүлжээ зочид буудлын өв залгамжлагч энэ бүсгүй жүжигчин Крис Зилктэй нэг жилийн турш үерхэж байгаа бөгөөд удахгүй хуримаа хийх төлөвтэй байна.
Крис саяхан Аспены ууланд Парист гэрлэх санал тавьжээ. Уулын цанын хувцастай тэр өвдөглөн суугаад түүнд сүйн бөгж барьсан байна. Парис ч саналыг баяртайгаар хүлээн аваад жаргалтай мөчөө дэлхий дахинаа хуваалцжээ. “Би бүхий л амьдралынхаа хайр, хамгийн сайн найз, дотны хүнтэйгээ сүй тавилаа. Би үнэхээр аз жаргалтай, сандарч байна. Тэр бол үнэнч, найдвартай, намайг хайрладаг хүн юм. Миний хувьд төгс хүн. Би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай бүсгүй. Амьдрал үлгэр байж болдгийг харуулсанд баярлалаа” хэмээн Хилтон бичжээ.