Багануурын орд газарт улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж нөөцийг нь тогтоож байв. Тэгвэл “Багануур” ХК-ийн олборлолт явуулдаг Багануурын орд газар “Алтайн гянт” гэдэг хувийн нэгэн компанийн мэдэлд шилжиж магадгүй болоод байна. Түүхийг нь сөхвөл, 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд тухайн үеийн АМГТХЭГ Багануурын орд газарт багтах талбайд хайгуул хийх 12164Х дугаартай лицензийг “Алтай голд” ХХК-д олгожээ. “Алтай голд” ХХК нь 2010 онд лицензээ “Алтайн гянт” ХХК-д шилжүүлсэн байдаг юм. Улмаар үүнээс ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2375 дугаар шийдвэрээр 12959А дугаартай ашиглалтын лиценз болгочихсон байгаа юм. Тэр үед АМГТХЭГ-ын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд ажиллаж байжээ.
Ийн улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын лиценз олгож, ганцхан жилийн дотор түүнийг нь ашиглалтынх болгосон. Энэ лицензийг эзэмшигч компани нь бусдад шилжүүлсэн гэсэн үг.
Харин дээрх лицензийг 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна. Зарга ингэж эхэлжээ.
Үүнээс хойш Багануурын ордыг тойрсон “Багануур” ХК ба “Алтай голд” ХХК, “Алтайн гянт” ХХК, мөн АМГТГ гэсэн талууд харилцан шүүхдэлцсээр өнөөдрийг хүрсэн юм.
Уг нь Ашигт малтмалын тухай хуульд “…Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Гэтэл хайгуул байтугай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Түүнчлэн шүүхэд очсон баримтуудаас харахад “Алтай голд” ХХК нь хууль бусаар 12959А тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй гэхээр ажээ. Энэ мэтчилэн Багануурын ордыг тойрсон маргаан шүүхээр явж байгаа юм. Төр ордоо хувийн компанид алдчихсан. Тэрийгээ авах гээд шүүхдэлцэж байна гэсэн үг.
Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн магадлалаар “…нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, лицензийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А дугаар лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” хэмээн шийджээ. Харин “Алтайн гянт” ХХК үүнийг эс зөвшөөрөн Улсын Дээд шүүхэд хандсан байна. Шүүх хурал өнөө маргаашгүй болно. Хэрвээ Улсын Дээд шүүх доод шатныхаа буюу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж чадвал улсын төсвөөр хайгуул хийсэн, Монгол Улсын стратегийн орд газар бүтнээрээ улсад үлдэх болно. Энд хэлэхэд, “Алтайн гянт” ХХК-ийн ард нөлөө бүхий хүмүүс байдаг тухай мэдээлэл бий. Гэхдээ Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы нээлтэд үг хэлэхдээ “…Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдөгийг болиулъя” гэснийг шийдвэр гаргагчид санах хэрэгтэй биз ээ.
Эх сурвалж: