Улс төр бол улс төр. Харин дэлхийн удирдагчид бас л хүмүүс юм болохоор бусад шиг амарч л таарна. Шинэ жилийн баярыг тохиолдуулан барууны удирдагчид өвлийн амралтаа хэрхэн өнгөрүүлсэн бол?
Гольфчин Ерөнхийлөгч
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Зул сар, Шинэ жилийн баяраа Мар-а-Лаго эдлэндээ өнгөрөөжээ. Энэ шилтгээн нь Флорида мужийн Палм-Бич хотод байрладаг юм. Мэдээж энд цас байхгүй ч Ерөнхийлөгч баярын үеэр зугаацах аргаа олжээ. Түүний хувьд гольфын улаан хорхойтон. Тиймээс Жастин Томас, Дэниэл Бергер зэрэг мэргэжлийн тоглогчид, бас найзуудтайгаа сайхан тоглож авчээ.
Энэ бол Трампын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа өнгөрөөж буй анхны Зул сар, Шинэ жил.
Мар-а-Лагогийн эзэн нь төрийн тэргүүн болсонтой холбогдуулан тус эдлэнг жинхэнэ цайз болгон бэхэлжээ. Цагдаагийн машинууд эдлэнгийн ойролцоох хөдөлгөөнийг хааж, эргийн хамгаалалтын ажилтнууд эргийн амралтын дагуу гардаг байна.
Мар-а-Лагод өвлийн амралтаа өнгөрөөнө гэдэг хүссэн хүн бүрийн чадах зүйл биш. Трампын тансаг клубт шинэ жилийн үдэшлэгт клубын гишүүд, зочид л орох эрхтэй. Ингэхдээ 600-750 долларын орох тасалбар авна. Мөн Мар-а-Лагогийн гишүүн болоход анхны татвар гэж 200 мянган доллар төлөх бөгөөд цаашид жил бүр 15 мянган доллар өгнө.
Энд хоёр бассейнтай, дөрвөн одтой зочид буудалд хамгийн хямд өрөөнд ороход хоногийн 90.000 төгрөг төлнө.
Цаначин канцлер
Германы канцлер Ангела Меркель өвлийн амралтаа өнгөрөөх газраа сонгох асуудал дээр хэтэрхий хуучинсаг. Тэрбээр нөхөртэйгөө Швейцарийн Альпад л энэ өдрүүдийг өнгөрөөдөг гэхэд болно. Меркель ихэвчлэн цанаар гулгах дуртай. Тэр ч бүү хэл “Germina” хэмээх уулын цанын хэрэгслийн 20 гаруй жил тасралтгүй хэрэглэж байгаа.
Өнгөрсөн жил Меркель гулгаж байгаад унаж, аарцагны ясаа хугалж байсан удаатай. Энэ явдлын дараа “Germina” компани түүнд шинэ цана явуулсан боловч канцлер бэлэгнээс татгалзжээ. Канцлерын амардаг Швейцарийн Санкт-Моритцод 1928,1948 оны олимпийг зохион байгуулж байсан түүхтэй. Эндхийн зочид буудал тийм ч хямд бус, доод талын өрөө нь 300.000 төгрөгөөс эхэлдэг байна.
Шилтгээндээ барих өглөөний унд
Британийн хатан хааны гэр бүл ч Зул сар, шинэ жилийн баярыг тэмдэглэх өөрсдийн гэсэн эвддэггүй уламжлалтай. Хатан хаан II Елизавета өмнөх жилүүдийн адил нөхөр, хунтайж Филипптэйгээ хамт Букингемийн ордноос гарч, Норфолкт байдаг Сандрингем шилтгээндээ очжээ.
Энд тэрбээр Зул сараа тэмдэглэдэг. Энэ шилтгээнд хатан хааны гэр бүлийн бүх гишүүн өглөөний зоог барьж, бэлэг солилцдог байна. Дараа нь тэд Гэгээн Мария Магдалинагийн сүмд мөргөл үйлдэж, энэ бүгдийн дараа хатан хаан ард түмэндээ хандаж үг хэлнэ. Түүний хэлэх үг өдрийн 3 цагт BBC1, ITV, Sky 1, Sky News телевизээр шууд дамжуулдаг байна.
Норфолкт хатан хааны гэр бүлийн өнгөрөөдөг баярын зардал бас ч гэж гайгүй. Сандрингемээс холгүй орших зочид буудалд жуулчид буудаллавал хоногийн 126.000 төгрөг байна.
Тэнгисийн ширтэнгээ утсаа бариастай
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Зул сар, Шинэ жилийн баяраа эрт эхэлсэн нь Францын сайд нарыг гонсойлгожээ. Төрийн тэргүүн сайд нараа ажлаасаа хэт хөндийрөлгүйгээр өнгөрөөхийг үүрэгдсэн байна. Ингээд сайд нар баярын үеэр утсаа ч унтраах эрхгүй болов.
Зул сарын баярын өмнөхөн 12 дугаар сарын 21-нд Шамбор шилтгээнд 40 насныхаа ойг тэмдэглэсэн юм. Харин Зул сарын баяраа Елисейн ордондоо тэмдэглэчхээд Макрон гэргий Брижиттэйгээ Францын хойд хэсгийн Ле Туке хотод амарчээ. Францын тэргүүн, тэргүүн хатагтайн баяраа тэмдэглэсэн хотыг “Тэнгисийн дэргэдэх Парис” ч гэж нэрлэдэг. Тансаг зэрэглэлийн зочид буудал олонтой энэ хотод баян парисчууд ирдэг бөгөөд зочид буудлын өрөө нь доод тал нь 126.000 төгрөгийн үнэтэй. Нутгийн ресторануудад нь дор хаяж 100.000 төгрөгөөр хоол иддэг байна.
Байгальд хараа хяналттай баярлав
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо энэ онд өвлийн амралтаа тийм ч тансаг өнгөрөөсөнгүй. Өнгөрсөн жил хэт тансаг баярласныхаа горыг амсаж буй нь энэ бололтой. Лалын шашны тэргүүн, тэрбумтан Ага-ханы түрээсэлдэг Багамын хувийн арал дээр гэр бүлийнхэнтэйгээ хамт амарснаас болж тэр шүүмжлэлд өртсөн билээ.
Ашиг сонирхол, ёс суртахууны асуудал эрхэлсэн комиссар Мэри Доусон түүнийг Ерөнхий сайд хэрнээ Ага ханы урилгыг хүлээн авсан гэж буруутгасан. Ингээд тэр торгууль, анхааруулгатайгаар энэ асуудлыг цэгцэлсэн билээ.
Тэгвэл энэ жил Трюдо Канадын Оттавагаас холгүйхэн орших хадан хавцал бүхий ууланд орших албан ёсны харшдаа өвлийн баяраа өнгөрөөжээ. Түүний хувьд гэр бүлтэйгээ даруухан баяраа тэмдэглэсэн байна.