Эверестийг эзэлнэ гэдэг асар их хүч, тэнхээ шаардсан алхам юм. Энэ уулын оргилыг эзлэх гэсэн олон хүн замдаа амиа алдаж, азгүй эдгээр уулчдын цогцос аюул нуугдаж байгааг бусдадаа анхааруулдаг.
Жомолунгма бол дэлхийн хамгийн өндөр цэг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ энэ уул асар том оршуулгын газар болон хувирсан тухай мэддэг нь тун цөөн биз ээ. Энд 4000 гаруй хүн оргилыг эзлэх оролдлого хийжээ. Харамсалтай нь тэдний зарим эргэж ирээгүй…
Үхлийн бүс буюу далайн түвшнээс 7.9 км-ээс дээш гарсан бараг бүх уулчин замдаа “Ногоон гутал” гэдгийг харсан байх. Энэ бол 1996 онд амиа алдсан Энэтхэгийн уулчны шарил. Энэтхэг уулчны шарил Эверестэд хамгийн алдартай цогцос бөгөөд 8500 м-ийн өндрийг заадаг.
2006 онд бас нэг уулчин “Ногоон гуталт”-тай нэгдэж, гүнд үүрд нойрссон байна.
Английн уулчин Дэвид Шарп хаана ч сонсож байгаагүй алхам буву Эверестийг ганцаараа эзлэхээр шийджээ. “Ногоон гуталт” нойрсож буй уулын ан цавд ирээд амартал замаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй болсноо ойлгожээ. Ингээд хэдэн цагийн дараа азгүй энэтхэг уулчнаас хагас метрийн зайд амьдаараа хөлдсөн байна.
Хамгийн хачирхалтай нь хөлдөж буй Дэвидийг 40 гаруй уулчин харсан ч нэг нь түүнд туслаагүй гэдэг.
Эверестийг эзэлсэн анхны хүн Эдмунд Хиллари Дэвидэд анхаараагүй уулчдыг шүүмжилжээ. Тэрбээр “Хэрвээ та эрч хүч дүүрэн бөгөөд хажуудаа тусламж шаардлагатай хүн харах юм бол таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол зовлон үзсэн нэгэндээ доош буухад нь туслах явдал юм. Харин ууланд авирах асуудалд хоёрдугаарт тавигдах ёстой” хэмээн Шинэ Зеландын “Херальд” сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Эверестийн хамгийн “хуучин” шарилыг 1999 онд буюу тэрхүү уулчныг нас барснаас 75 жилийн дараа олжээ. Жорж Мэллори уулын оргилыг эзэлсэн анхны хүн болохыг хүсчээ. Тэгвэл тэрхүү хүсэл нь юу болон хувирсныг харж байгаа биз ээ.
Биеийн цээж хэсэг, зүүн гар, хөлнийх нь хэсэг энэ бүх хугацаанд хэвээр үлджээ. Уулчныг авч явсан зүйлс нь болхи тоноглол, том хүчилтөрөгчийн баллон л байв.
Мэллори гэгч хүн эхэлсэнээ дуусгасныг бид мэдэхгүй ч түүний тухай яриа олон жил үргэлжилж байгаа юм. Түүнийг агуу уулчин байсан гэж үеийнх нь үздэг. Мэллоригоос яагаад Эверестийг эзлэхээр болсон юм бэ гэсэн асуулт тавихад “Яагаад гэвэл тэр байсаар байна шүү дээ” хэмээн хариулсан байдаг.
Тэгвэл Ханнелора Шмац хэмээх уулчин эмэгтэйн шарил бие арзасхийлгэдэг. Тэрээр Жомолунгмагийн энгэр амиа алдсан анхны эмэгтэй, Германы анхны иргэн болжээ.
Уулын оргилын доохно ирээд, шөнийн цасан шуургыг амжилттай давсан ч тэр уулчдын лагериас 100 хүрэхгүй метрт үүрд үлджээ.
Тэгэхээр Жомонлунгмагийн хамгийн дээд оргилд гарна гэдэг асар их хичээл чармайлт төдийгүй, аюултай зүйл болохыг ойлгосон биз ээ. Хэдийгээр амь насанд аюултай гэдгийг уулчид мэдсээр байж, энд хүчээ үзэж, аймшигт хадан хавцлыг нь эзлэхээр улайрсаар байна.