Улиран одох 2017 он монголчуудын хувьд шинэ ерөнхийлөгчөө сонгож, нийгэм, урлаг спортын салбарт түүхэнд байгаагүй амжилт гаргасан жил байв. Энэ удаа бид оны ОНЦЛОХ хүнийг нэрлэж байна.
1. Ч.Ганжавхлан
Олон мянган хүний хандив тус дэмээр бүтээсэн “Ид шидийн орон” төслийг санаачлагч, хүүхдийн төлөө ЗА гэж дуугардаг залуу бол Ч.Ганжавхлан. Тэр бол энэ оны онцлох залуусын нэг яах аргагүй мөн. Хүчирхийлэлд өртсөн, эмзэг бүлгийн гээд олон хүүхдэд гараа сунгаж сайн үйлсийг дэлгэрүүлж яваа энэ залуу үе тэнгийнхэн, ирээдүй хойч үедээ өөрийн хийж байгаа үйлдэлээрээ үлгэр дууриалал болж, бухимдлаар дүүрэн нийгэмд бага ч болов гэрэл гэгээ нэмж яваа нэгэн юм.
2. Б.Шижирбат
“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Америкчууд” шоуны финальд шалгарч үлдсэн. Лазерьтай бүжиглэгч, гэрлээр наадагч авьяаслаг залуу монголдоо төдийгүй дэлхийн тайзан дээр өөрийгөө бусдад таниулж олон сая хүнийг байлдан дагуулж бас дуу алдуулж чадсан билээ.
3.П.Орхон
Өдгөө 24 настай тамирчин П.Орхон Монгол Улсын тав дахь дэлхийн аварга болж эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн юм. Уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийнхөө үр шимийг дэлхийн дэвжээнд үзүүлдэг дайчин бүсгүй тамирчны алдар хямдхан олддоггүй гэдгийг харуулсан. Өнгөрсөн жил Японы алдарт бөх Каорт Ичог ялж аваргын алтан медаль хүртэж байсан бол энэ жил “Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, алтан медалийн эзэн болсон гээд түүний амжилтыг олон нийт андахгүй.
4.Э.Амартүвшин
Монголын сонгодог урлагийн бахархал МУГЖ, Соёлын элч Э.Амартүвшингийн амжилтууд энэ оны онцлох байлаа. Дэлхийн шилдэг удирдаач, дуучидтай хамтран олон алдарт тайзан дээр дуулз яваа тэр хүн төрөлхтний соёын үнэт өвүүдийн нэг Вероно хотын задгай “Арена” театрт хоёр удаа дуулж, Монголын сонгодог урлагийг дэлхийд таниулж яваа юм.
5. Харумафүжи Д.Бямбадорж
Их аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгт сумоч Таканоива А.Баасандоржид гар хүрсэн гэх асуудал Японд төдийгүй дэлхий дахинд шуугиан тарьсан. Тэрбээр энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйж, өөрийн хүсэлтээр зодог тайлсан нь сүмогийн дэвжээг орхисон явдал юм. Ямартай ч тэр энэ оны онцлох хүний нэг болж байна.
6. “ТАСАМ” ТББ-ын тэргүүн Ц.Санчир
Тархан суурьшсан монголчууд (ТАСАМ) ТББ-ын тэргүүн Ц.Санчир туулсан зам бүтээсэн зүйлээ энэ онд анх удаа төрдөө үнэлүүлж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн шагнал хүртсэн билээ. Тэрбээр хамгийн сүүлд Монголын эзэнт гүрний баруун жигүүрт Ил хаадын ивээл дор өрнөж байсан бүтээн байгуулалтын бахархалт баримт болох хаадын зоос, шавар ваар, шилэн хийгээд төмөрлөгийн урлал, уран бичлэг зэрэг таван төрлийн хоёр зуу гаруй хосгүй үнэт соёлын дурсгалыг монгол, кирил, англи, перс гурван хэлийн дөрвөн бичгээр эрхлэн гаргасан “Ил хаадын урлаг, соёлын бүтээлүүд” номыг эрхлэн гаргасан билээ.
7. Шадар сайдаас Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүх
Засгийн эрхийг унагаж Шадар сайдаас Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын суудалд очсон хүн бол У.Хүрэлсүх. Түүний хувьд танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн нь онцлог байлаа. Сайн, муу нэрээр олонд хэлэгдсэн энэ хүн МАН-ын 28 дугаар их хурлаар намын даргаар сонгогдсон гээд онцлох үйл явдал арвин.
8. О.Баасанхүү
Нэгэн үе намынхаа төлөөлөл болж ганцаар УИХ-ын парламентын танхимд сууж ганц дайчин ганцаардахгүй гэдэг байсан О.Баасанхүү гишүүн энэ онд олны анхаарлын төвд байгаа. Намын дарга “хуурай ах” Н.Энхбаяртай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш түнжин хагарч цаашид Н.Энхбаяргүйгээр нам урагшлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй эрхэм гишүүнийг тойрох дуулиан мундахгүй. Намаасаа хөөгдөх дээрээ тулсан О.Баасанхүү гишүүний бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусах асуудал хүртэл яригдаж эхлэв.
9.О.Сэргэлэн
Дэлхийн мэс засалчдын хамгийн том байгууллага болох “Аmerican College of surgeons”-оос шилдэг мэс засалчийн шагналыг гардсан хүн бол Хүний гавьяат эмч О.Сэргэлэн. Энэ нь мэс заслын чиглэлээр монгол хүн дэлхийн эмч нартай эн зэрэгцэж чадахуйц оюуны чадамжтай байгаагийн нэг том баталгаа болсон.
10.Х.Баттулга
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар АН-аас нэр дэвшигч Халтмаагийн Баттулга ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуулийн сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчийн тоо 1,990,797 байжээ. Дахин санал хураалтын сонгуулийн ирц 60,7 хувь байсан юм.