Дэлхий дахинаа алдартай илтгэгч Ник Вуйчич хоёр ихэр хүүхдийн эцэг боллоо. Энэ талаар тэр олон нийтийн сүлжээндээ мэдээлж, охидынхоо болон гэргийнхээ зургийг тавьжээ.
“Бидний төлөө залбирч байсан хүн бүрт баярлалаа. Та бүхний хайр энэрэлд баярлалаа. Оливия, Элли хэмээх охид маань ээжийнхээ төрсөн өдрөөр мэндэллээ. Хүүхдүүд маань тус бүр хоёр килограмм жаахан илүү төрсөн. Канаэ болон охидын бие сайн байна. Бурхан минь, баярлалаа” хэмээн “Facebook” хуудсандаа мэдээлжээ.
Ник Вуйчич 2012 онд Канаэ Мияхара хэмээх бүсгүйтэй гэрлэсэн юм. 2013 оны 02 дугаар сард тэд Киеси Жеймс хэмээх хүүтэй болсон бол хоёр жилийн дараа Деян Леви хэмээх хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ.
Ник Вуйчич 1982 онд Мельбурнд генетикийн ховор төрлийн өвчтэй төрсөн юм. Энэ залуу дөрвөн мөчгүй ч нэг жижиг тавхайтай. Тэрбээр 19 насандаа анх удаа эргэн тойрныхоо доог тохуугаас айхаа больсон гэж мэдэгдсэн билээ. Өдгөө Вуйчич уран илтгэгч бөгөөд хэд хэдэн ном гаргасан, бас дуучин юм. Тэрбээр дэлхий дахинаа аялж, алдарт лекцээ уншдаг байна.