Өнгөрсөн долдугаар сард хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль халаасны хулгайн гэмт хэргийг өөгшүүлэх гол шалтгаан болж байна хэмээн цагдаагийн байгууллага үзэж байна. Энэ оны эхний хагас жилийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хулгайн гэмт хэрэг 17 хувиар буурсан ч эхний 10 сарын байдлаар 26, хувиар өссөн нь энэ хуулийн хэрэгжилттэй нягт холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, хуулиндаа хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгийн босго тавьж, хариуцлага хүлээнэ гэж тусгажээ. Тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна’ гэж заасан нь хулгайч нар 300 мянгаас доош эд зүйл хулгайлаад баривчлагдсаныхаа дараа дахин хулгай хийх нөхцөлийг нь бүрдүүлж байгаа аж.
Гудамжид нус, цэрээ хаях нь зөрчил, олон нийтийн газар тамхи татах нь зөрчил гэж үздэг. Тэгвэл 300 мянган төгрөг дотор хулгай хийх нь энгийн зөрчил мэт хуульд зааж өгснөөр халаасны хулгайчдыг өөгшүүлэх шалтгаан болж байгааг Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн, чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Чулуунтамир хэлж байв.
Шинэ жилийн баяр дөхсөн энэ үед халаасны хулгайн гэмт хэрэг эрс нэмэгдэх хандлагатай байгааг цагдаа нар анхааруулах болсон. Манай улсад жилд дунджаар 27 мянга орчим гэмт хэрэг үйлдэгддэг. Үүнэс 30-37 хувийг дээрх гэмт хэрэг дангаараа эзэлдэг гэх статистик бий.