2015 ТВ-145 хэмээх гавлын ясан хэлбэртэй солир дэлхийд ойртож байна. Энэ солир 2018 оны 11 дүгээр сард дэлхийтэй хамгийн их ойртож ирэх юм. Хүний гавлын ясан хэлбэртэй сансрын энэ биетийн диаметр нь 625-700 метр бөгөөд эргэлтийн хугацаа нь гурван цаг орчим гэнэ. Солирын гадаргуу нарны гэрлийн ердөө 6%-ийг тусгаж байна.
Хамгийн сүүлд энэ солир 2015 оны 10 дугаар сарын 31-нд 486 мянган км-ийн зайд нисэн өнгөрсөн нь сар, дэлхий хоёрын зайнаас 1.3 дахин их гэсэн үг юм. Объектыг “2015 ТВ-145” хэмээн нэрлэж, 10 дугаар сарын 10-нд Хавайн арлаас Pan-STARRS телескоп ашиглан илрүүлсэн боловч Хэллоуины баяраар манай гарагтай ойртон ирсэн тул Хэллоуины солир гэж бас нэрлэдэг болжээ.
Энэ удаад тус солир 2015 оныхоос харьцангуй хол нисэн өнгөрнө. Эрдэмтдийн урьдчилсан дүгнэлтээр 2015 ТВ-145 солир дараагийн удаа 2088 онд дэлхийтэй ойртон ирнэ.