НӨАТ-ын сугалаанаас 500 сая төгрөг хожсон супер азтанд шагналыг нь гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр (2017.12.22) боллоо. Сангийн яамны хүндэтгэлийн танхимд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ГТСМТТ-ийн захирал Ц.Орхонтамир, ТЕГ-ын удирдлагууд болон азтанууд оролцож байна.
500 сая төгрөгийн азтан, “БСБ сервис” компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг Ж.Алтанзулын хэлсэнээр гэрийнх нь ойролцоо байдаг дэлгүүрээс 3450 төгрөгийн худалдан авалт хийгээд азтан болжээ. Тэрбээр нийт 500 гаруй баримт бүртгүүлсэн аж.
Ж.Алтанзул нь 10 дугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд 3 сарын турш шалган баталгаажуулж өнөөдөр ийнхүү гардуулж байна. Харин салбарын сайд Х.Булгантуяагийн хэлсэнээр урамшуулал олгогдсоноос хамгийн их дүнтэй буюу 500 сая төгрөгийн супер азтан шалгарчээ.