Засгийн газраас 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Эрүүл мэндийг дэмжих санг байгуулахаар заажээ. Энэ оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг хэлэлцсэн билээ. Хуралдаанаар архи, согтууруулах ундааны онцгой албан татварын нэг хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар, тамхины онцгой татвараас тус бүр хоёр хувийг нь эрүүл мэндийн санд оруулж байхаар боллоо.
Тус сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд заасны дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага болон гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив, гадаад улс, ОУБ-аас Засгийн газрын шугамаар олгосон зээлээс бүрдүүлэх юм байна. Энэ хөрөнгийг эрүүл аюулгүй амьдралын орчин бүрдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, орчны эрүүл мэндийг хамгаалахад зориулах аж. Мөн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх эмийн зохистой хэрэглээг дэмжихэд хөрөнгө оруулалт хийх юм байна.
Б.ЯРУУ