Ардчилсан намын дарга С.Эрдэнэ өнөөдөр (2017.03.16) хэвлэлийн хурал хийлээ. Тус намын дотоод сонгууль ирэх сарын 2-нд болно. Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэл өчигдөр 00.00 цагт дууссан байна. Шинээр байгуулагдах намын Үндэсний бодлогын хороо нь 380 гишүүнтэй байх ёстой бөгөөд энэ суудлын төлөө өрсөлдөхөөр 511 нэр дэвшигч бүртгүүлж тус бүр гурван сая төгрөгийн дэнчингээ тушаажээ. Энэ нь нийтдээ 1.53 тэрбум төгрөг болж буй бололтой.
Харин Нийслэлийн Ардчилсан намын даргад хоёр хүн өрсөлдөхөөр бүртгүүлж тус бүр 90 сая төгрөгөө төлсөн бол аймгийн намын даргад өрсөлдөхөөр 52 хүн бүртгүүлж нэг тэрбум 40 сая төгрөгөө төлжээ. Энэ нь нийтдээ 2.75 тэрбум төгрөг болж байгаа аж. Дотоод сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-нд эхэлж, 31-нд дуусах гэнэ.
Улсын дээд шүүх АН-ын дүрмийг бүртгэж аваагүй. Үүнээс үүдэн тус намын зарим гишүүд хуучин ҮЗХ-г хуралдуулахаар гарын үсэг зуруулж эхэлсэн. Энэ талаар намын дарга С.Эрдэнэ:
-Өнөөдөр Ардчилсан нам гэдэг ганцхан нам бий. Хуучин Үндэсний зөвлөлдөх хороо тарсан. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах боломжгүй. Ардчилсан намын VI, VII их хурлаас гарсан тогтоол шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага нь их хурал. Их хурлын шийдвэрийг үг дуугүй биелүүлэх л үүрэгтэй. Түүнийг намын аль нэг шатны байгууллагын шаардлагаар хуралдуулах эрх байхгүй хэмээн мэдэгдлээ. Мөн дотоод сонгуульд нэр дэвшигчдээс авч байгаа дэнчингийн мөнгөний тухайд:
-Санхүүгийн эцсийн тооцоо гараагүй хэдэн төгрөг цугларсныг хэлэх боломжгүй. Намын гишүүд намын санхүүг шилэн болго гэж ярьж байна. Эрх барьж байгаа нам, төрийн бүх шатны байгууллага Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байхад ганцхан Ардчилсан намын данс шилэн байх ёстой гэж болохгүй. Ардчилсан намын дэнчин, хураамжийн хэмжээ бүх юм ил тод байгаа гэв.