“Хүүхэд гэдэг хэн бүхэнд заяадаггүй эрдэнэ” гэж нэгэн яруу найрагч хэлсэн нь бий. Тиймээ, “үргүйдэлт” гэсэн онош өнөөдөр дэлхий дээр олон сая хүний голыг харлуулж байна. Судалгаагаар арван гэр бүлийн зургаа нь үргүйдэлтэй гэж оношлогджээ. Гэхдээ энэ нь бяцхан үрсээ хүлээж байгаа ээж аавууд огт эмчилгээ авахгүй гэсэн үг биш юм.
ДЭМБ-ын мэдээлснээр нийт гэрлэсэн хосуудын 8-12 хувьд амьдралын аль нэгэн үед үр хүүхэд олоход бэрхшээл тохиолддог. Дэлхийд ойролцоогоор 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байдаг гэнэ. Хосууд 12 сар болон түүнээс дээш хугацаанд хамгаалалтгүй, тогтмол бэлгийн харьцаанд байхад жирэмслэхгүй бол “үргүйдэл” гэж тодорхойлсон байдаг юм байна.
Монголд сүүлийн жилүүдэд “үргүйдэл” асуудал болсон гэхэд хилсдэхгүй. Учир нь агаарын бохирдол, оройтож жирэмслэх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, өсвөр үедээ үр хөндөлт хийлгэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байгааг эмч нар хэлж байв. Тухайлбал, үргүйдлийн тархалт 1996 онд 6.5 хувь байсан бол 2003 оны НҮЭМ-ийн суурь судалгаагаар 8.7 хувь, 2008 онд 14 хувь болж өсчээ. БНСУ-ын нэгэн эмнэлэгт сар бүр 150 орчим гэр бүл “хуруу шил”-ний хүүхэд олох мэс ажилбарт ордог байна.
Гадаад орноос 20-30 хос энэ эмнэлгийг зорин ирдгийн арав нь Монголоос ирдэг байна. Нийт 200 гаруй монгол гэр бүл үртэй болоод эх орондоо иржээ. Тэгвэл хосууд заавал тус улсыг зорих шаардлагагүй болсон баярт мэдээг дуулгая. Өнгөрсөн пүрэв гаригт (2017.03.16)-ны өдөр Нийслэл хотод гурав дахь үр шилжүүлэн суулгах төв үүдээ нээжээ. “Mon CL fertility center” эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн төв эмнэлгийн нээлтийн ажиллагаа өчигдөр болсон.
Энэ эмнэлэг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлээд арав гаруй гэр бүлд үрийн зулай үнэрлүүлжээ. Үр шилжүүлэн суулгах аргаар хүүхэдтэй болход 8-10 сая төгрөг юм байна. Энэ нь дэлхий дээрх хамгийн доод ханш бөгөөд 50-80 сая төгрөг байдаг аж. Солонгос улсад үргүйдэл гэж оношлогдоод эмчийн бичиг гарсан бол эмчилгээний зардлын 50 хувийг дөрвөн удаа төрөөс даадаг байна. Харин манайд энэ тогтолцоо одоогоор байдаггүй.
Mon CL fertility center” өмнө нь зургаан жилийн турш эх нялхасын төвтэй хамтран 300 орчим гэр бүлийг хүүхэдтэй болгосон байна. Анх 1978 онд Их Британи улсад анхны “хуруу шил”-ний хүүхэд мэндэлснээс хойш дэлхий дээр таван сая гаруй хүүхэд энэ аргаар төржээ. Тэдэнд ямар нэгэн хөгжлийн бэрхшээл, дутуу төрөх, өсөлт хөгжил нь удаан байх, богино наслах гэх мэт бидний ойлголт ташаа гэдгийг ч эмч, мэргэжилтнүүд онцолсон юм. Тэд бусад хүүхдийн адил эрүүл саруул өсч бойжин, гэр бүлтэй болдог аж.
Б.ЯРУУ